Ц.Даваасүрэн: Банкууд ард түмнээ хачиг шиг сорж амьдарч болохгүй
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.04.23

Ц.Даваасүрэн: Банкууд ард түмнээ хачиг шиг сорж амьдарч болохгүй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс цаг үеийн асуудлаар байр суурийг нь сонслоо.

 -Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төсөлд төрийн өмчийн хувьчлалын асуудлыг хөнджээ. Сүүлийн үед огт зохион байгуулаагүй хувьчлалд та ямар байр суурьтай хандах бол?

-Томоохон компаниудын хувьчлалын асуудал яригдсан л даа. Хувьчлалыг би бүхэлд нь үгүйсгэхгүй. Гэвч түүний ард маш аюултай зүйл бий. Лиценз, хувьцааг нь хувь хүнээс авах амархан уу, төрөөс салгах нь хялбар уу. Ингээд л бодоод үзэх хэрэггэй. Өнөөдрийг хүртэл "Эрдэнэт"- ийн хувь Монголын төрд, нийт ард түмний мэдэлд байгаа шүү.  

Хэрэв энэ нь хувь хүнд байсан бол магадгүй хэдэн тэрбум ам.доллараар гадаадын субъектүүд авчихсан байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас гол гол стратегиуд дээр заавал төрийн өмч давамгайлсан байх ёстой. Тэгж байж Монголын компани байх баталгаа бүрдэнэ.  Яагаад гадаадынхан хувьчлал руу илүү шахаад байгаа вэ гэхээр хувь хүнтэй ярих хялбархан байдаг хэрэг.

Банкууд өндөр хүүгээр сорж амьдардаг байж болохгүй юм.

Сая томоохон компанид төр лобби хийдэг нь нэг зүйл дээр харагдсан шүү дээ. Төрийн бүтцэд томоохон компанийн төлөөлөл ороод ирэхээр юу болдог вэ гэдгийг бид бүгд харлаа. Онцгой албан татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль гарчихлаа. Уг нь, манай Байнгын хороон дээр унасан юм.

Яагаад гэвэл онцгой албан татвар төлдөг компаниуд цаашид ам.долларын ханшийг 1450 төгрөгөөр тооцож төлдөг байх төсөл орж ирсэн. Ийм байж болохгүй шүү дээ. Гааль дээр ирж байгаа жирийн жижиг компаниуд тухайн өдрийн ханш буюу 1780 төгрөгөөр тооцож татвараа өгнө. Гэтэл онцгой албан татвар төлдөг нь 1450 төгрөгөөс хөдлөхгүй байх юм гэнэ. Үүнийг цаашид анхааралдаа авах ёстой.

-Олон улсын банк санхүүгийн байгууллагуудыг Монголд нээлттэй оруулах тухай ярьж, Хятадын банк ороод ирсэн гэж байна. Ер нь, энэ шийдэл манай улсын банк санхүүгийн тогтолцоонд хэрхэн нөлөөлөх вэ?

-Бид хүссэн хүсээгүй дэлхийн санхүүгийн зах зээлийн нэг хэсэг болсон. Өнөөдөр экспортын орлогогүйгээр, нүүрс болон бусад баялгаа гадаадад борлуулахгүйгээр амьдарч чадах уу. Үгүй шүү дээ. Тийм болохоор тэнд гол оролцогч болж байгаа, санхүүгийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулдаг компаниудтай хамтрахгүй байж болохгүй.

Дотоодын хэдхэн банк ард түмнээ хачиг, хувалз шиг өндөр хүүгээр сорж амьдардаг байж болохгүй юм. Түүний тулд өрсөлдөөн бий болгох ёстой. Гэхдээ тэнд хязгаар тогтоож өгөх хэрэгтэй. Жишээ нь, 10- 20 улс оронд салбарлаж банк санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг       банкийг сонгож болно.

Ер нь, "Макдоналдс" юм уу "Сити" банк Монголд салбараа нээгээгүй байгаа тохиолдолд бид санхүүгийн хувьд тусгаар болчихлоо гэж ярих хэцүү шүү. Манайхан Оюу толгойгоо гадаадад хадгалж, тэнд зарцуулах эрхийг нь өгч байна. Тэгэхээр Хонконгийн газар нутагт л банкны тоо нэмэгдэхээс манай улсад ямар ч нөлөөгүй шүү дээ. Хэдхэн банкны төлөө амьдарч болохгүй,   арчаагүй өндөр хүүтэй зээлийг нь бараадаад үйлдвэрлэл хөгжинө гэдэг боломжгүй юм.

-Аудитын газраас 243 объектын ажилд шалгалт хийх явцад салбарын сайдын гаргасан хоёр тушаалаас болж үнэ нэмэгдсэн гэх асуудал яригдсан. Тэр чухам ямар нөлөөтэй тушаал байсан юм бол?

-2012 онд барилгын салбарын сайд 18, 181 дүгээр тушаал гаргасан. Энэ хоёр нь барилгын норм, нормативыг өсгөсөн хэрэг. Ингэснээрээ шууд барилгын салбар дахь ам метр талбай болон бусад өртөг зардлыг 40 хувиар нэмсэн байдаг. Түүний араас бусад өсөлт үргэлжилсээр өнөөдөр 2-3 дахин нэмэгдчихсэн нь ч бий. Эдгээр тушаалаа эргэж харах шаардлагатай л даа.

Аливаа зүйлд албан тушаалтны шийдвэрээр үнэ хөөрөгдөж болохгүй харин зах зээлийнхээ хуулиар чөлөөтэй хөдлөх боломжтой байх хэрэгтэй юм. Эцсийн дүнд би үүнийг барилгын компаниудын лобби гэж харж байгаа. Улмаар ард түмэнд ийм байшин шахах бизнес нэлээд цэцэглэжээ гэж болно.

-Засгийн газраас барилгын салбарыг дэмжиж, эрэлт нийлүүлэлтийг зэрэг дэмжсэн шүү дээ. Гэтэл үр дүнгүй л болж таарч байна уу?

Аливаа зүйлд албан тушаалтны шийдвэрээр үнэ хөөрөгдөж болохгүй

-Барилгын салбарыг дэмжээд байгаагийн цаад гол шалтгаан, хүчин зүйлийг өвлийн цагт хэцүү байдаг утааны асуудлыг шийдэх явдал гэж харж болох юм. Гэлээ ч барилга бариад дууссаны дараа нэмүү өртөг эсвэл экспортын бүтээмж бий болгохгүй шүү дээ. Ердөө л байшин болоод дуусна. Харин хөдөө аж ахуй юм уу мал аж ахуй гээд өөр салбарууд руу бүтээмжтэй болохын төлөө дэмжээд явмаар санагддаг. Тиймээс төр хөрөнгө зарцуулах чиглэлд нарийн зохицуулалт, төлөвлөгөө гаргаж явахгүй бол өнөөдөр үрэлгэн, үр дүнгүй байдал хавтгайрчхаад байгаа.

-Олон нийтэд ил болчихоод байгаа 243 объектоос гадна дахиад олон барилгын ажил гацсан гэж хэлж байсан удаатай. Түүнийг тодруулаач?

-Албан ёсоор 243 объект зөвхөн улсын төсөв хүлээгээд гацчихсан байгаа. Түүнээс гадна яам яамны шугамаар нягтлаад үзэхээр дахиад 160 гаруй гүйцэтгэл дутуу объект бий. Нийт 400 гаруй барилгын ажил зогсчихоод байна шүү дээ.

Нэг ёсондоо барилгын салбар ачааллаа дийлэхгүй байгаа хэрэг. Ийм байдлыг зохицуулах шаардлагатай нь харагдаж байна. Ер нь, Эдийн засгийн хөгжлийн яам бодлогоо гаргаж, төлөвлөлтөө хийгээд явахгүй бол цаашид эмх замбараагүй эдийн засгийн суурь болох шинж л харагддаг юм.