Эдийн засгийн хөгжлийн яам буруу ажиллаж байна
Эдийн засгийн хөгжлийн яамыг үндсэн чиг үүргийнх нь дагуу ажиллуулахгүй байгаагаас төсвийн бодлого алдагдсан тухай Сангийн сайд мэдэгдэж байна.
Бодлогын шийдвэрээс илүү өдөр тутмын шийдвэрт оролцож эхэлсэн нь Хөгжлийн яамыг шүүмжлэх үндсэн асуудал болоод байгаа юм.
2013 оны төсөв тодотгол хийж байх үеэр гишүүн С.Бямбацогт эдийн засгийн хөгжлийн яамыг татан буулгаж Сангийн яаманд нэгтгэх, эсвэл тэргүүн Шадар сайдын орон тоог бий болгон хөгжлийн бодлого төлөвлөлтийг зохицуулах талаар хөндөж байсан юм.
Эдийн засгийн хөгжлийн яамыг байлгах хэрэгтэй
Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах замаар 350 сая ам долларыг төсөвт төвлөрүүлнэ гэсэн хөнгөн тооцооллыг хийснээр гадны хөрөнгө оруулагчдаа үргээн, төсвөө тасалсан засгийн газар тэрээр ийнхүү сануулж байлаа.Тэгвэл одоогийн сангийн сайд ч Хөгжлийн яамыг зөв замаараа явахгүй байгааг хөндөж байна
Сангийн сайд Ч.Улаан:
Эдийн засгийн хөгжлийн яамыг байлгаж, харин түүний үйл ажиллагааг сонгодог хэлбэрээр цааш нь явуулах хэрэгтэй. Энэ бол өдөр тутмын үйл ажиллагаанд хутгалдан оролцдог байгууллага биш. Энэ бол бодлого тодорхойлдог, хэрэгжүүлэх арга, замыг боловсруулдаг, бодлогоо хэрэгжүүлэхэд салбар, аймгийн эрх ашгийг хооронд нь уялдуулан зохицуулдаг стратегийн удирдлага байгууллага юм.
Харин сангийн яам өдөр тутмын шуурхай удирдлагын байгууллага. Улсын төсвийн орлогыг бүрдүүлдэг, түүнийг оновчтой хуваарилдаг, байгууллагуудын өдөр тутмын санхүүжилтийг хийж өгдөг. Тэгэхээр бодлого боловсруулах стратегийн удирдлага, өдөр тутмын шуурхай удирдлага хоорондоо холилдвол болохгүй. Хамгийн тулгамдсан асуудал юу билээ, түүнд л бүх анхаарлаа төвлөрүүлдэг байх ёстой.