Аудитын дүгнэлт сонслоо
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Үндэсний Аудитын газрын 2013 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн юм.
Тайланг Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад танилцууллаа. Үндэсний аудитын газар, аймаг, нийслэлийн аудитын газрууд 2013 онд Төрийн аудитын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг удирдлага болгон аудитын олон улсын стандартын хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан байна. Төрийн аудитын байгууллага өнгөрсөн хугацаанд гүйцэтгэлийн аудит 311, санхүүгийн тайлангийн аудит 4099, эрсдэлийн болон нийцлийн аудит 196, нийтдээ 4606 аудит хийжээ. Аудитын үр дүнгээр улс, орон нутгийн төсөвт 24.8 тэрбум төгрөг оруулсан байна.
Төрийн аудитын байгууллагын санхүүжилтийн нэг төгрөгт ногдох үр өгөөж 2012 онд 44.80 төгрөг байсан бол 2013 онд 55.20 төгрөг болж 23.2 хувиар өсчээ. Аудитор, шинжээчид 35.1 тэрбум төгрөгийн акт тогтоож үүний 65.8 хувийг 2013 онд нь багтаан хэрэгжүүлсэн байна. 2013 онд зөрчил гаргасан 682 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар холбогдох дээд албан тушаалтанд санал явуулж 607 албан тушаалтанд хариуцлага тооцож, 65 асуудлыг хууль хяналтын байгууллагад хянуулахаар шилжүүлсэн байна.
Шинэ Аудитын тухай хуулиар УИХ-ын захиалгат хяналт шалгалт, аудитын дүгнэлтийг Байнгын хороон дээр сонсч зарим зүйл дээр зөвлөмж, дүгнэлт гаргах хэлбэрээр ажиллана.
Үүнд тус байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Энэ удаагийн тайланд Аудитын газраас өмнө гарч байсан тайлангаас онцын ялгаатай зүйл ажиглагдахгүй байна. Гүйцэтгэлийн аудитын чиглэлээр өнөөгийн хүрсэн түвшин бидний хүлээгээд байгаа түвшинд хүрэхгүй байна. Гол нь санхүүгийн зөрчил илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаас илүү өгсөн төсөвт хөрөнгөөр тухайн төсвийн эрх захирагч тавьсан зорилгодоо хүрсэн үү гэдгийг гаргаж байх ёстой.
Цаашид энэ чиглэлд та бүгд илүү ач холбогдол өгч ажиллах шаардлагатай . Энэ удаад Ажлын хэсэг гаргаж тайланд үнэлэлт, дүгнэлт гаргахгүй ч цаашид шинэ хуулиар ажиллах учраас Ажлын хэсэг гарч ажиллана. Түүнчлэн шинэ Аудитын тухай хуулиар УИХ-ын захиалгат хяналт шалгалт, аудитын дүгнэлтийг Байнгын хороон дээр сонсч зарим зүйл дээр зөвлөмж, дүгнэлт гаргах хэлбэрээр ажиллана.
Улсын Их Хурлын хяналтын чиг үүргийг сайн гүйцэтгэх чиглэлд хууль, эрх зүйн орчинг бүрдүүлсэн гэж үзэж байгаа учраас захиалгат ажлуудыг цаг хугацаанд оруулж ирэхэд анхаарч ажиллах хэрэгтэй" хэмээн хэлсэн юм.