Э.Бямбажав: Тоног төхөөрөмжийн тусламж л хэрэгтэй байна
Говь-Алтай аймгийн Шарга сумын улсын тэргүүний тариаланч Э.Бямбажав
2014.04.21

Э.Бямбажав: Тоног төхөөрөмжийн тусламж л хэрэгтэй байна

Говь-Алтай аймгийн Шарга сумын улсын тэргүүний тариаланч Э.Бямбажавтай ярилцлаа.

-Та хэзээнээс газар тариалан эрхлэх болов оо?

1972 оноос одоог хүртэл газар тариалан эрхэлж байна. Цэргийн гурван жилээс л эхлээд ногоо тарьж сурсан. Цэргээс халагдаад ч бас ногоогоо тарьсаар өдийг хүрлээ. 40 гаруй жил эрхэлж байна.

-Ямар ногоо тариалдаг вэ?

Би хүнсний ногоо тарьдаг хүн. Төмс, тарвас гээд л тарьж өгнө. Нарийн

Говь-Алтайн Шаргын говь

ногоо хүртэл тарьдаг. Манай алдарт 33 говийн нэг шаргийн говь бол их сайхан дулаахан, сайхан уур амьсгалтай. Хавар эрт дулаардаг. Тийм учраас хүнсний нарийн ногоо болон шийвгай их сайн ургадаг юм. Мөн хөх арвай тарьдаг.

-Алтайн хөх арвай их алдартай гэж сонссон. Арвай ер нь хүний биед ямар ашиг тустай юм бэ. Монголчууд бидэнд экологийн цэвэр бүтээгдэхүүн их хэрэгтэй байгаа?

Өөрийнхөө гараар ургуулсан хөх арвайгаа хуурч боловсруулаад аймаг, сумандаа борлуулж байна. Хөх арвайгаа татаад тээрэмдээд гурил хийсэн. Хөх арвай бол хүний эрүүл мэндэд маш сайн. Голтой цай хийж уудаг. Баруун аймгууд бол хөх тариаг сайн мэддэг. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд их сайн, тархины цусан хангамжийг хүртэл сайжруулдаг. Цусны даралт ихдэхээс хамгаалдаг экологийн жинхэнэ цэвэр бүтээгдэхүүн. Яагаад гэвэл хөх арвай нь говийн 40-50 хэм хүрсэн халуунд ургадаг. Мөн халуун элсэнд нь хуураад боловсруулдаг учир экологийн цэвэр бүтээгдэхүүн мөнөөс мөн. Арвайг хүмүүс ихээр хэрэглэж байгаа.

Газар тариаланг хөгжүүлэхэд техник тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх хэрэгтэй.
-Та дөчин жил газрынхаа үр шимээр амьдарч байгаа хүн. Цаашид аж ахуйгаа хэр сайжруулах бодолтой байна вэ?

Үүний тулд арвайг их хэмжээгээр тарьж, хот руу хүн арддаа хүргэмээр байна. Ялангуяа манай хотынхон янз бүрийн химийн найрлагаар хувиргасан, экологийн цэвэр бус бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа. Тэдэнд эх орныхоо хөрсөнд ургасан экологийн бүтээгдэхүүн маш их хэрэгтэй. Энэ талаар ч сүүлийн үед их ярих болсон. Дээр үед манай улсад хүнсний ногоо тариалдаггүй байхад уламжлалт хөх арвайг л идэж хэрэглэж байсан түүхтэй.

Манай Шаргын хөгшчүүд ярьдаг. Галдан Бошигтын үеэс Шаргийн говьд арвай эхэлж таригдсан гэдэг.

-Хүнсний ногоо тариалан эрхлэгчид урамшуулал хэрэгтэй, төрөөс дэмжлэг хэрэгтэй гэж ярьдаг. Таны бодлоор юу хэрэгтэй гэж боддог вэ?

Газар тариаланг хөгжүүлэхэд техник тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа.