Д.Осоржамаа: Хөлгүй байсан ч мөлхөж байгаад ногоогоо тарьж, ургуулж болно
Хэнтий аймгийн хүнс хөдөө аж ахуйн ассоциацийн гишүүн, ногоочин Д.Осоржамаа
2014.04.08

Д.Осоржамаа: Хөлгүй байсан ч мөлхөж байгаад ногоогоо тарьж, ургуулж болно

Хэнтий аймгийн хүнс хөдөө аж ахуйн ассоциацийн гишүүн, ногоочин Д.Осоржамаатай ярилцлаа. Тэрээр өмч хувьчлалын шуурганаас нэг дэлгүүртэй болсон ч бүх бараагаа хүмүүст зээлдүүлсэн учир ашиггүй болж дампуурчээ. Гэхдээ тэрээр энэ явдлаа “Азтай дампуурал” хэмээн хэлэх дуртай.

-Та яагаад ногоо тарих болсон юм бэ. Зарим хүмүүс ногоо тарих амаргүй ажил гэдэг шүү дээ?

2002 оноос эхэлж тарьсан. Би дэлгүүр маань дампуурсны дараа хүмүүсээс өр нэхдэг ажилтай болсон. Гуч гаруй насандаа дампуурсан ч азтай дампуурсан. Дампуурсан ч гэлээ хүнээс юм гуйгаагүй. Таван хүүхэдтэй байсан. Нэг өглөө өрөө нэхэхээр явж байгаад сумын захиргаа ортол мэдээллийн самбарт “Ногооны үр үнэгүй өгнө, нийтийн талбайд ногоо тариулна” гэсэн зарыг харсан.

Нэгэнтээ л ядуурсан юм чинь юу ч хамаагүй хийе гэж бодоод зарын дагуу сургалт явуулах Дэлхийн зөнгийн хүнтэй уулзсан. Сургалтанд сууж, нийтийн талбайд ногоо тарьж эхэлсэн. Бүх тоног төхөөрөмж, ногооны үрийг цаанаас өгсөн учир өөрөө л идэвхтэй ажиллах ёстой байв. Ингээд заримдаа зооринд унтаад өглөө эртлэн босч ногоогоо тарина.

-Хэзээнээс нь ногооны амт шимтэнд орсон бэ. Шантрах үе байсан уу?

Тухайн жилдээ гайгүй ургац авсан. Дараа жилээс нь өөрсдөө газар авч өргөжүүлээд 50 сорт тарьж эхэлсэн. Ингээд л хөл дээрээ боссон.

Монголын үндэсний хүнс хөдөө аж ахуйн ассоциаци нь өдгөө улс орон даяар нийт 13000 ногоочид, тариаланчид, зөгийчдийг эгнээндээ нэгтгэжээ.

Эхэндээ долоон найман километр газар явган алхаж очоод тарьдаг байлаа. Дараа нь хонгор морьтой болсон. Гурав дах жилээс нь хужаа мотоцикльтой болсон. Ингэсээр байгаад одоо 400 гаруй хонь ямаа, 10 гаруй үхэртэй болжээ. Хүн өөрөө л идэвх, зүтгэлтэй байвал заавал нэг юманд хүрдэг.

Хөлгүй байсан ч мөлхөөд ногоогоо тарьж, ургуулж болдог юм.

-Ногоо тарьдаг хүмүүс ихэвлэн тэтгэврийн насныхан байна. Залуу үе ногоо тарихгүй байгаа шалтгаан нь юу вэ?

Манайх ургац хураалтын үеэр ЕБС-ийн сурагчид болон МСҮТ-ийн оюутнуудыг ажиллуулдаг. Гэхдээ хүмүүс ногооны талбайд ажиллахаас халшрах болжээ. Тухайлбал бидний татварын мөнгөөр сурангаа тэтгэлэг авч байгаа МСҮТ-ийнхэн төгсөөд мэргэжлээрээ ажиллахгүй байна. Үүнд ч хяналт тавьж байгаа зүйл алга. Энэ жил гэхэд манай аймгийн МСҮТ-ийн ногоо жимсний анги хичээллээгүй. Хүүхдүүд сонирхохоо байчихсан. Энэ хэний буруу вэ. Цаашид яах вэ гэдгийг бодолцох хэрэгтэй.

Газрын үр шимийг ойлгуулахгүй байна. Гагцхүү хүнд бэрхшээлтэй л гэсэн ойлголт төрүүлж байгаа нь буруу. Ногоочдын үе бид нараар дуусвал харамсалтай. Нэгэнтээ л МСҮТ-д улсын зардлаар мөнгө аваад сурч байгаагийн хувьд дараа нь хариуцлагыг хатуу тооцох хэрэгтэй. Төгсөөд заавал тэр мэргэжлээрээ ажиллахгүй бол төлбөрийг нь буцааж авах нөхцөл тавих хэрэгтэй.

-Төгсөөд ерөөсөө ажиллахгүй байгаа гэж үү. Ногоон талбайд ямар хүмүүс ажиллаж байгаа гэсэн үг вэ?

Ажиллахгүй байгаа. Нэг жилд гуч гаруй хүүхэд төгсөхөд дөрөв таван хүүхэд ч мэргэжлээрээ ажиллаагүй гээд бод доо. Төр засаг буруу бодлого явуулж байна. Энэ хүн хөгжлийн бэрхшээлтэй, ядуу, эмзэг бүлгийн хүнд үнсний карт өгөх хэрэгтэй гэдэг.

Халамжийн мөнгөө авна гээд тав хоног алга болдог.

Гэтэл тухайлбал манай ногоон талбай дээр ажилладаг зарим хүмүүс картын бараа өгч байна гээд гурав хоног, халамжийн мөнгөө авна гээд тав хоног алга болдог. Араас нь сураглахаар архи ууж байдаг. Халамжийн бодлогоо тодорхой шалгуур, хөшүүрэгтэй болгомоор байна. Хэн дуртайд нь юу ч хийхгүй байсных нь төлөө өгч болохгүй.

Чи гучин хувийн хөдөлмөрийн чадамжгүй ч, үлдсэн далан хувьдаа ажиллавал энэ мөнгийг чамд өгнө гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа. Танд арвин их ургацыг хүсье.