С.Батжаргал: Тэтгэвэр аваад, гараа хумхиад суух хүсэл байхгүй
Өвөрхангай аймгийн хүнс хөдөө аж ахуйн ассоциацийн тэргүүн, Аймгийн аварга тариаланч С.Батжаргал
2014.03.28

С.Батжаргал: Тэтгэвэр аваад, гараа хумхиад суух хүсэл байхгүй

Өвөрхангай аймгийн хүнс хөдөө аж ахуйн ассоциацийн тэргүүн, Аймгийн аварга тариаланч С.Батжаргалын олон нийтэд хүргэх санаа бодлыг сонслоо.

-Өвөрхангай аймгаа тэргүүлж байгаа хүний хувьд хэлэхэд танай аймагт хүнс, хөдөө аж ахуй хэрхэн хөгжиж байна вэ?

Манай үндэсний ассоциацийн таван жилийн ой болж байна. Манай аймаг мал аж ахуй, газар тариалан, хүнс эрхлэгчид оролцсон, сум бүгдэд гишүүдтэй болсон. Өрхийн аж ахуй гэвэл 0,3-1 га хүртэл тарьдаг гишүүд бас бий. Хүнс, хөдөө аж ахуй хөгжиж байна. Одоо гурван сард үрсэлгээний ногоогоо үрслээд эхэлсэн.

-Манай сайтаас тогтмол зохион байгуулдаг онлайн хэлэлцүүлэг “Хүнсний салбарт тулгамдаж буй асуудал” сэдвээр өнгөрсөн жил явсан. Тус хэлэлцүүлгээс үзэхэд ногоочид, тариаланчдад маань бүтээгдэхүүнээ борлуулах асуудал их хүнд тусдаг гэж байсан.  

Жижиг тариаланчид нэгдэж, нөхөрлөл хоршоо болох асуудлыг ярих хэрэгтэй байна. Ерөнхийлөгч зарлиг гаргаад малчдыг бүртгэлжүүлж тамгатай болгосон. Ногоочид мөн адил ялгаагүй гарал үүслийн гэрчилгээ, тамга тэмдэгтэй болмоор байна. Учир нь худалдааны төвийнхөн, дэлгүүрүүд нутагтаа тарьсан төмс, хүнсний ногоог авахгүй байна.

Харин саяхан пестицидын сургаар хотоос орж ирж байгаа ногоог авах нь багасч, аймагтаа тарьсан экологийн цэвэр бүтээгдэхүүнийг авах болсон.
Ногоочид бүлэг болоод тамгажуулах, гэрчилгээжүүлэх хэрэгтэй байна.

Хүнсний эрүүл ахуйн ганц мэдээлэл нь гарал үүслийн гэрчилгээ юм. Дорноговь аймагт шүлхий гарлаа гэхэд өөр гараагүй аймгаас гарал үүслийн гэрчилгээгээ үзүүлэх ёстой шүү дээ. Түүнтэй адилхан ногоочдод гарал үүслийн гэрчилгээ бүрдүүлэх нөхцлийг бий болгох хэрэгтэй.

-Таны хувьд ямар ногоо тарьдаг вэ?

Би ногоо тарьдаг. Аймгийн төвд байдаг хашаандаа жимс, жимсгэнэ, эмийн ургамал тарьдаг. Одоо үрслүүлчихсэн. Түүнээс гадна ой мод, бут сөөгний төрөл бүрийн үрслүүлгийг гаднаа тарьдаг. Цэцэрлэгийн улиас зэрэг бут сөөгийг долоо найман чиглэлээр тарьж байгаа. Ерөнхийдөө хоёр гурван ажлыг амжуулаад явж байна. Одоо 70 нас хүрч байгаа. Тэтгэвэр авлаа гээд өөрийгөө хөгширлөө гэж боддоггүй. Унжийж суудаггүй. Ажлаа хийж, ногоогоо тарих дуртай.

-Ногоочдын маань нэг хүсэл нь өвлийн хүлэмжийг барьж, өвөл зунгүй ургац хураах явдал байгаа. Та энэ талаар судалж байна уу?

Судалж байна. Аймгийн засаг даргад 110 сая төгрөгийн өвлийн хүлэмж барих төсөл өгсөн. Өнгөрсөн жил Хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн шугамаар Хөх хот руу өвлийн хүлэмжийн туршлага судлах аялалд явсан. Тэнд бидний судалж байгаа “Нарлаг” хүлэмжийг сайн хийдэг.

Гэтэл одоо хүлэмжийг дэмжих чиглэлээр барьж буй төр засгийн бодлого луйврын шинжтэй байгааг шүүмжилмээр байна.

Нэг хүлэмж байгуулахад 1,2 тэрбум Голландын хүлэмж гэж сенсаци үүсгээд, банк болохоор 400 сая төгрөг дансандаа байршуул гэсэн, Хятадын 100 сая төгрөгний төсөл болохоор 20 сая төгрөгийг дансандаа байршуул гэж байгаа юм. Жирийн нэг ногоочинд тийм их мөнгө байх уу. Хэнд зориулж төсөл хийгээд байна вэ. Ард түмнийг шулж, ногоочдын нэрээр мөнгө цохих гэсэн хүмүүсийн ажил.

Ногоочдод бодит байдал дээр 200 сая төгрөг битгий хэл, 2 сая төгрөг ч байхгүй. Энэ жил бас төсөл зарласан байна лээ. Гэхдээ би бууж өгөхгүй. Хямдхан зардлаар өөрийн шугамаар хүлэмжээ хийх технологи байна.

-Орон нутгийг хөгжүүлэх сан, ЖДҮ-ийг хөгжүүлэх санд оролцдог уу?

Хөл дээрээ тогтсон аж ахуй учраас оролцдоггүй.

-Танай ямар мэргэжилтэй хүн бэ.

Хөвсгөл аймгийн Эрх чөлөө сонины сурвалжлагч, товчхон мэдээч байсан. Өвөрхангайд ирээд тариаланч болоод аймгийн аварга болтлоо ажиллаа. Хүн ямар мэргэжилтэй байх нь гол биш ээ, хэн болох нь, юу хийж чадах нь чухал.

-Өвөрхангай аймгийн хэр хөдөлмөрч хүмүүс вэ?

Санаачлагатай ажиллаж байгаа хүмүүс бий. Гэхдээ ихэнхи нь жар гарсан хүмүүс. Дээр үеэсээ л зүгээр суух сонирхолгүй, хөдөлмөрч хүмүүжлээр хүмүүжсэн учир тэтгэвэр аваад, гараа хумхиад суух хүсэл байхгүй. Манай аймгийн аварга тариаланчид дундаас жар гарсан хүмүүс зөндөө бий. Ингэхээр хэрхэн ажиллаж байгаа нь мэдэгдэж байгаа биз дээ.

 Ярилцсанд баярлалаа.