ГХЯ-ны “Нээлттэй өдөрлөг” болов
Гадаад харилцааны яамны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах “Нээлттэй өдөрлөг” 4 дүгээр сарын 19-ний өдөр Чингисийн талбайд боллоо.
“Нээлттэй өдөрлөг”-ийг Гадаад харилцааны сайд Л.Болд нээж үг хэлсэн бөгөөд уг өдөрлөгийн үеэр ГХЯ-ны газар нэгжүүд болон Улаанбаатар дахь Франц, Турк, Казахстан, Вьетнам, Лаос, Кувейт, Хятад зэрэг орнуудын Элчин сайдын яамд оролцож, өөрсдийн үйл ажиллагааг танилцуулан, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Гадаад харилцааны төв архивын үзэсгэлэн гарав.
Мөн ГХЯ-ны Консулын газраас иргэдэд виз мэдүүлэх болон гадаадад зорчихтой холбоотой зөвлөгөө өгч, нотариатын үйлчилгээ үзүүлснээс гадна иргэдийг Бээжин, Сөүл, Бангкок, Хонгконгд суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудтай холбож, сонирхсон асуултдаа хариулт авах боломжоор хангав.
Түүнчлэн, энэ үеэр Гадаад харилцааны төв архивын үзэсгэлэн гарч, архивтай холбоотой үйлчилгээ үзүүлсэн бөгөөд Дипломат ёслолын албанаас дипломат ёслолын талаар танилцуулга хийн, мэдээлэл өгөв.
Мөн өдөрлөгт ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс оролцож, дэлхийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн морин хуур, уртын дууны тоглолт сонирхууллаа.