Я.Санжмятав: Монгол, гадаад ажилчдын цалингийн ялгааг арилгах шаардлагатай
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
2014.04.17

Я.Санжмятав: Монгол, гадаад ажилчдын цалингийн ялгааг арилгах шаардлагатай

МҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос УИХ-д хандаж гаргасан сонордуулгыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороогоор хэлэлцсэн байна. Өчигдөр уг зөвлөмжөө УИХ-ын даргад өргөн барьжээ.

Зөвлөмжид Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон Татварын тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Худалдааны тухай хууль, Үнэ бүрдэлтийн тухай хууль, Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэх тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, "Том төрөөс, ухаалаг төр лүү" шилжих явцыг дэмжин боловсруулсан хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэн батлан шийдвэрлүүлэхээр тусгасан байна.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд Нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны тэргүүн Х.Ганбаатар нарыг хүлээн авч уулзсан юм.

Энэ талаар Хөдөлмөрийн сайд Я.Санжмятаваас тодрууллаа.

-Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны гишүүд УИХ-ын даргатай уулзлаа. Ямар асуудлыг ярилцав?

-УИХ-ын дарга гурван талт зөвшилцлийн талуудын төлөөллийг өнөөдөр хүлээн авч хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажлуудад зөвлөмж өгсөн, ажил хэрэгч уулзалт боллоо. Ялангуяа ажлын байрыг тогтвортой байлгах, хувийн хэвшил баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр нэлээн ярилцсан. Тухайлбал, НӨАТ-ыг хялбар хураах, зөв зохистой зохицуулалтыг хийх  талаар ч ярьсан.

Их хурал дээр яригдаж байгаа хуулиуд, тодорхой саналуудаа Ажлын хэсэг болон Их хурлын байгууллагуудаар дамжуулан тусгая гэсэн саналтай байгаа.

Хөдөлмөрийн хууль дээр бид ажиллаж байгаа. Нэлээн олов том өөрчлөлт байгаа ч, зайлшгүй богино хугацаанд хийчихмээр зүйлүүд бий. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байгаа ижил мэргэжлийн хүмүүсийн цалин ялгавартай байдаг, хамтын хөрөнгө оруулалтын чиглэлд яаж хандах вэ гэх мэт асуудлууд байна.

Тавьж байгаа асуудлуудыг Их хурлын болон Засгийн газрын түвшинд хийгдэх Эдийн засгийг эрчимжуүлэх төлөвлөгөөнд гурван тал хамтран оролцох бололцооны талаар зөвлөлдсөн. Ямар ч байсан гурван тал ажлын байрыг тогтвортой байлгах, эдийн засгийг эрчимжуүлэх чиглэлээр Засгийн газрын түвшинд шийдэхийг нь тэндээ ярина. Харин Их хурал дээр яригдаж байгаа хуулиуд, тодорхой саналуудаа Ажлын хэсэг болон Их хурлын байгууллагуудаар дамжуулан тусгая гэсэн саналтай байгаа.

-Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөлд гурван тал ямар байдлаар оролцож байгаа юм бэ?

-Тухайлбал, валютын ханшийн өөрчлөлтийг хязгаарлах, тогтвортой байлгахад Их хурлаас ажлын хэсэг байгуулна. Үүнд гурван талт хэлэлцээрийн төлөөллүүд орж, бодитой нөхцөл байдлаа танилцуулж, гарах арга замаа шийдэх юм.

-Гадаад, монгол ажилчдын цалингийн ялгааг хэрхэн арилгах ёстой гэж бодож байна?

-Энэ бол чухал асуудал. Ялангуяа Оюутолгой дээр их яригддаг. Хэдийгээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагын   зөвлөмжид  байдаг ч Монгол Улс өөрийнхөө Хөдөлмөрийн хуулиар баталгаажуулж түүнд нь хяналт тавих шаардлагатай байгаа юм. Энэ асуудлыг гаргаж тавина.