Алтайн хүдэр компани 800 ажилчнаа цомхотгожээ
2014.04.16

Алтайн хүдэр компани 800 ажилчнаа цомхотгожээ

Өнгөрсөн долоо хоногт статистикийн гаргасан дүн мэдээгээр бол өнгөрсөн сард хүнсний гол нэрийн барааны үнэ 2.5 хувиар өссөн, мөн инфляци өмнөх сараасаа 0.8 хувиар өссөн нь одоо инфляцыг 22.4 хувьд хүргэхэд нөлөөлсөн байна. Долларын ханш 1800 дөхөж, ханшийн зөрүүний алдагдалд орсон компаниуд эхнээсээ цомхотгол хийж, зарим нь үүдээ барьж эхлээд байгаа юм.

Алтайн хүдэр компани гэхэд л 800 ажилчнаа цомхотгож үйл ажиллагаагаа зогсоосон бол Оюутолгой ч бас 40-60 хувийн цомхотголыг ойрын 1-2 сардаа хийхээр төлөвлөж, бас Тавантолгой компани өрийн сүлжээнд орж, туслан гүйцэтгэгч компаниуд нь хүртэл цалингаа тавьж чадахгүй байгаа юм.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: “Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа олон компаниудын хэвийн үйл ажиллагаа, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ажлын байр, хөдөлмөрийн харилцаатай холбоотой олон асуудлыг шийдвэрлэхэд засгийн газар өндөр хэмжээнд, УИХ ч гэсэн шийдвэр гаргалтын түвшиндээ хурдан шийдвэр гаргах нь зүйтэй болохыг цаг үе шаардаж байна. Ер нь улс орны хүндрэлүүд улам л цаашлаад үргэлжлээд байх болно.”

Эдийн засгийн хүндрэл нь хямрал болж хувираад байгааг энэхүү үйл явц харуулж байна. Энэхүү хямрал руу түлхсэн эхний шалтгаан нь өнгөрсөн парламентын үед батлагдсан гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хууль байлаа. Энэ хуулиас зугатаж гарсан хөрөнгө оруулагчдаа одоо хичнээн гуйж уриад ч нэмэргүй байгаа нь Монголын эдийн засгийг валютын хомсдолд оруулж инфляцид нөлөөлөх болоод байна. Тиймээс УИХ ойрын үед эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний талаар засгийн газарт чиглэл өгөхөд хошуугаа биш, хуруугаа нэмэрлэх цаг болоод байгаа юм.