МАН-ын дарга М.Энхболд ахмад тариаланчидтай уулзлаа
Атар газар эзэмшсэний 55 жилийн ойг тохиолдуулан МАН-ын дарга М.Энхболд өчигдөр анхны атрын аянд оролцож явсан 38 ахмад тариаланчтай уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж нар оролцсон юм.
Энэ үеэр М.Энхболд дарга “Монголын ард түмэнд үр өгөөжөө өгсөн 1959-1970, 1970-1980, 2008-2012 оны Атрын I, II, III аяныг МАН эхлүүлж, эх орныхоо хөрсөнд ургасан тариа будаагаар өөрсдийн хэрэгцээг бүрэн хангаж байсан.
Энэ бүхэн атрын их аяны анхны шанг татаж байсан ахмад тариаланчдын хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой” гэдгийг онцолж байв.
Харин ахмадуудын зүгээс “Тэр үеийн залуус чадна гэсэн итгэл, сэтгэл, оргилуун хүсэл эрмэлзлээр туулж, монголчуудын хүнсний хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж чадсан” гэдгийг дурсаж байлаа.
Түүнчлэн тэд сүүлийн жилүүдэд газар тариалангийн салбар, ялангуяа улаанбуудайн тариалалт буурч, гаднаас импортоор авах хэмжээнд хүрч байгаа нь тэдний 50 гаруй жилийн нөр их хөдөлмөрийн үр шим алдагдаж байгаа хэрэг гэж үзэж байгаа аж.
Монголын ард түмэнд үр өгөөжөө өгсөн 1959-1970, 1970-1980, 2008-2012 оны Атрын I, II, III аяныг МАН эхлүүлсэн
Түүнчлэн МАН-ын зүгээс Атрын III аяныг эхлүүлж, энэ хүрээнд 22.5 тэрбум төгрөгийн техникийн шинэчлэл хийсэн нь газар тариалангийн салбарын салбарт оруулсан том хувь нэмэр болсон.
Ингэснээр 2012 онд улсын хэмжээнд 306.1 мянган га талбайд үр тариа, 16.2 мянган га талбайд төмс, 7.1 мянган га талбайд хүнсний ногоо, 32.3 мянган га талбайд тосны ургамал, 11.1 мянган га талбайд тэжээлийн ургамал, 712 га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 373.5 мянган га-д тариалалт хийж амжилттай ажиллаж байсан.
Атар газар эзэмшсэний 55 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах тариаланчдын баярын хурал энэ сарын 17-нд Тусгаар тогтнолын ордонд болно.
Дараа нь ахмад тариаланчид Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөх юм байна.