Н.Удвал: Эрүүл мэндийн салбарын ажилчид төрийн албанаас гарна
Эрүүл мэндийн сайд С.Удвал
2014.03.26

Н.Удвал: Эрүүл мэндийн салбарын ажилчид төрийн албанаас гарна

Эрүүл мэндийн сайд С.Удвалтай эмч, сувилагч нарын цалин, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дарга болон бусад асуудлаар ярилцлаа.

А.Мөнхтайван даргыг “орооч” гэж бид уриагүй. Өөрөө л сайн дураараа шалгалтанд орсон хүн.

-Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргын сонгон шалгаруулалтад А.Мөнхтайван шалгарсан. Гэвч өчигдөр танд энэ суудлаас татгалзсан хүсэлт хүргүүлсэн байна. Чухам ямар асуудал өрнөсөн юм бэ?

-Тус эмнэлгийн даргын асуудлыг Эрүүл мэндийн яамны төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтаар шийдсэн. Уг албаны сонгон шалгаруултаар тэнцсэн А.Мөнхтайваныг сайдын тушаалаар томилуулахаар надад өргөн барьсан. Гэхдээ түүнийг томилуулахын тулд би хэд хэдэн газраас лавлагаа авч томилсон юм.

Тухайлбал, АТГ, ЦЕГ гээд олон газраас холбогдох лавлагаа авсан. Тиймээс хууль, эрх зүйн хувьд бүрэн томилох үндэс бүрдсэн учраас миний бие томилох шийдвэр гаргаж, хуучин даргыг албан ёсоор чөлөөлсөн. Энэ хугацаанд тодорхой асуудал гарсан юм байна. Дарга нарын ажлаа хүлээлцэх энэ хугацаанд А.Мөнхтайван дарга өөрөө “Ар гэрийн шалтгаантай байгаагийн улмаас энэ ажлыг хийх боломжгүй байгаа” гэсэн өргөдлийг өчигдөр надад өгсөн.

Нэгэнт хувь хүн өөрөө ийм шийдвэр гаргаж байгаа хойно тэр хүний асуудал. А.Мөнхтайван даргыг “орооч” гэж бид уриагүй. Өөрөө л сайн дураараа шалгалтанд орсон хүн. Тухайн шалгаруулалтад хэн гэдэг хүн орж байгааг би огтхон ч асуугаагүй. Ажлаа хийж чаддаг Монгол Улсын иргэн байвал сайн. Ямар нэг нам, эвсэл, нас хүйс огтхон ч хамаагүй. Нэгэнт энэ хүн шалтгаанаа хэлсэн болохоор чөлөөлөх гэж байгаа. Тиймээс сонгон шалгаруулалт хийх юм. Одоогоор эмнэлгийн орлогч дарга байгууллагаа хариуцаж байгаа.

-Ц.Энхбаяр дарга тамга, тэмдгээ авч зугтсан гэсэн үнэн үү?

-Ийм мэдээлэл надад ирээгүй, мэдэхгүй.

Түүнчлэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ажилчид цалингаа авч чадахгүй байгаа гэх мэдээлэл бий. Яагаад тэр вэ?

-Яахав ямар нэг томилгоо болохоор янз бүрийн месеж нисгэдэг хууч өвчин монголчуудад бий. Тэр нь л гэсэн үг.

-Клиникийн гуравдугаар эмнэлгийн Харвалтын тасагтай холбоотой асуулт байна. Тодруулбал, тус тасаг шинээр нээгдсэн гэж байгаа. Гэтэл энэ тасагт өдөрт ирэх хүмүүсийн тоо хэт ихдэх болсон. Түүнчлэн тэнд ажиллаж байгаа нэг сувилагчид аппараттай нэг хүн оногдох байтал 5-аас дээш өвчтөнд үйлчилж байна гэх мэдээлэл авлаа. Харамсалтай нь сувилагч нар 408-хан мянган төгрөгийн цалин авч эмчилгээ хийх, бохирыг нь цэвэрлэх гээд хүнд нөхцөлд ажиллаж буй талаар шүүмжлэл их ирж байна?

-Сувилагчдын хувьд ТҮ буюу төрийн үйлчилгээний албаны цалингаар цалинжиж байгаа. Удахгүй Нийтийн албаны тухай хууль гарахаар эрүүл мэндийн салбарын ажилчид төрийн албанаас гарна. Тийм болохоор сувилагчийн хийсэн ажлаас шалтгаалаад цалингийн хэмжээ шууд шийдэгдэх боломжтой. Эрүүл мэндийн яам 90 жилийн түүхэнд хүмүүсийнхээ хөдөлмөрийн бодит үнэлэмжийг анх удаа судалж тогтоосон. Мөн тусламж, үйлчилгээний нэгжийн үнэ тогтоолоо.

Бүр дотрын нэг, хоёр, гуравдугаар зэргийн эмнэлэгт ажилладаг хүн ямар цалин авах вэ гэдэг нь хүртэл өөр өөр гарч байгаа. Эл судалгаа маш бодит байдлаар гарсан гэж болно. Нөгөөтэйгүүр эмч хүн сард 2,7 сая төгрөгийн ажил хийж буйг хүртэл гаргалаа. Харин сувилагч 1,6 сая төгрөгийн ажил хийж байгаа аж. Ер нь эмч нарын цалинг гурван сая төгрөг хүргэх боломж ч бий.

-Манай эрүүл мэндийн салбарын ачааллын норм өнөөдөр хэдэн оныхоор яваад байна вэ?

-Манай салбарын ажлын ачааллын судалгааг сая хийлээ. Үүнд сувилагч нарынх гэхэд ачаалал нь үнэхээр их байсан. Нэг зүйл тодруулж хэлэхэд 1986 онд хоёр сайдын хамтарсан тушаалаар эрүүл мэндийн ажилчдын ажлын нормативыг баталсан байдаг юм билээ. Гэвч тэр цагаас хойш өнөөдөр хэдэн жил өнгөрөв, ямар өөрчлөлт бий болсон бэ гэдгийг харах ёстой. Тэр үед дотрын нэг эмч 20 минутанд нэг хүн үзэх ёстой гэсэн байдаг аж. Гэтэл өнөөдөр найман минтутанд үзэж байна. Ийм бага хугацаанд хүн үзэхээр чанарын асуудал ямар байх вэ. Энэ бүхэн ачаалал их байгаагаас болж буй юм. Эрүүл мэндийн санхүүжилтийн асуудлыг шийдэхгүйгээр эмнэлгийн ажилчдын үнэлэмж бодит үнэлэгдэхгүй.

-Эрүүл мэндийн салбарын төсөв өнөөдөр ДНБ-ий хэдэн хувийг эзлээд байна вэ. Улсын төсвийн хэдэн хувь танай салбарт хуваарилагдах ёстой юм бол?

-Дэлхийн эрүүл мэндийн байгааллагын дурьдснаар бол улсын төсвийн 10-12 хувь нь эрүүл мэндийн салбартаа хуваарилагдах ёстой гэж үздэг. Мөн ДНБ-ий 5-6  хувь манай салбарт байх ёстой гэдэг. Гэвч өнөөдөр ДНБ-ий 2,7 хувь, улсын төсвийн дөнгөж долоон хувь нь эрүүл мэндийн салбарт зарцуулагдаж байна. Энэ санхүүгийн гачигдлыг шийдэх боломж ойрхон бий.

-Эмнэлгийн ажилчдын цалингийн нэмэгдэл энэ жилийн төсөвт суусан уу?

-Суугаагүй. Ирэх жил бид бодлогоо сайтар тодорхойлоод энэ асуудлыг шийднэ.

-Эрүүл мэндийн даатгалын системийн шинэчлэл ямар шатандаа явж байгаа вэ?

-Өндөр өртөгтэй мэс заслын хагалгаа, эмнэлгийн хэрэгсэл жишээлбэл, хадаас гэх мэт хэрэгслийн үнийн  85 хүртэлх хувийг даатгалаас авч байх санал гаргасан. Ингэснээр иргэдийн халааснаасаа гаргадаг 40 хувийн зардлыг бууруулж 25 хувь болгоно.

-Ярилцсанд баярлалаа.