Д.Оюунтуяа: Хэд хэдэн портал сайтууд мөнгө нэхсэн байсан
"Хүнс комплекс" ХХК-ийн ерөнхий захирал Д.Оюунтуяатай ярилцлаа.
-Хүнсний үйлдвэрт учирдаг саад бэрхшээлээс бидэнтэй хуваалцаач?
Хүнсний бүтээгдэхүүн их эрсдэлтэй. Олноор нь үйлдвэрлэдэг учир ширхэг бүрийг үзэж чадахгүйгээс болж хүний үйлдлээс шалтгаалах, шалтгаалаагүй зүйлүүд гардаг. Гэтэл үүнийг далимдуулж мөнгө олох гэсэн хүмүүс их болжээ. Ялангуяа хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө. Манай нэг хүнсний үйлдвэрлэгчид хэрэглэгчээс гомдол ирсэн. Тэр гомдлыг нь арилгаад байж байтал нөгөө хүн юу ч бодолгүй нэгэн сайтад ийм зүйл болсон гэж мэдээлсэн. Түүнээс болж компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн. Хэрэглэгч өөрөө зүгээр л мэдээллэх гэсэн юм, түүнээс ямар нэгэн санаагүй гэсэн ч хэрэг явдал эсрэгээр эргэсэн. Нэг сайтад тавьсныг бусад сайтууд хуулж тавиад дор бүрдээ 500 мянгаас нэг сая хүртэл төгрөг нэхсэн.
-Мэргэжлийн сэтгүүл зүйн мэдээллийн сайтууд уу, эсвэл портал маягийн олон нийтийн сайт уу гэдгийг ялгах хэрэгтэй байх аа?
Тийм ээ, илүү портал маягийн сайт байсан. Тухайлбал zaluu, shuurhai, dorgio гэх мэт. Мэдээлэл маш хурдан тархдаг. Гэхдээ олон нийтэд үнэн зөв мэдээллийг хүргэх ёстой гэж бодож байна. Мөн ёс зүйтэйгээр. Ямар ч шүүлтүүргүйгээр ашиглаж болохгүй. Хэрэв мөнгийг нь төлж чадахгүй бол үйлдвэрлэгч хүнд байдалд орно шүү дээ. Гэтэл түүний цаана олон ажилчид байгаа.
-Танай компанид ирсэн санал гомдлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ. Үнэхээр танай буруу бол яах вэ?
Мэдээж хариуцлагаа хүлээлгүй яах вэ. Санал гомдлыг шалгаад, юунаас болов гэдгийг тогтоож үйлдвэрлэлээ улам сайжруулахаар ажилладаг.
Ямар дамжлага дээр алдаа гарсныг тогтоож, хариуцлага тооцдог. Ер нь хүний оролцоо нь багасаад ирэхээр үйлдвэрлэлийн эрсдэл буурч байна. Өнгөрсөн жил манайд нэг хүн танай бүтээгдэхүүнээс бол хордлог өглөө гээд ирсэн. Бид гүйж очоод л эмнэлэгт хийлгэсэн дусал, эм тарианы мөнгийг нь гаргасан. Гэтэл шалгаад үзэхэд тэр хүн өөрөө эрүүл мэндийн асуудалтай байсан.
Түүнээс гадны үйлдвэрлэгчдэд учирдаг бэрхшээл нь худалдааны асуудал. Тухайн борлуулалтын дэлгүүр хадгалалтаа буруу хийсэн эсэхээс үл хамааран бүх гомдол үйлдвэрлэгчид ирдэг. Уг нь хүнсний тухай хуулийн дагуу шат дамжлага бүр дээрээ хариуцлага хүлээнэ гэсэн. Гэтэл худалдааны байгууллага эрсдлийг үйлдвэрлэгчид зуун хувь даалгадаг. Хэт өөрсдийнхөө эрх ашгийг бодсон гэрээг хийдэг. Хэрвээ бүтээгдэхүүнээс болж дэлгүүрт нь гомдол ирвэл манай нэр хүнд уналаа гээд бидэнд торгууль тавьдаг.
-Дотоод хяналт, стандартаа хэрхэн сайжруулж байгаа вэ. Энэ талаараа ярина уу?
HACCP-ийг хэрэгжүүлэх нь бага мөнгөөр хийгдэх ажил биш.
HACCP-ийг хэрэгжүүлэх нь бага мөнгөөр хийгдэх ажил биш.
Их хөрөнгө шаарддаг. Зах зээлийн нэр хүнд, борлуулалтын чадамжаас шалтгаална. Манай хиамны үйлдвэрүүд дотроос хөрөнгө оруулалтаа хийгээд сайн явж байгаа нь бий. Ерөнхийдөө үйлдвэрүүд чадлаараа хичээж байгааг хэлмээр байна.
-Танайх хиам махан бүтээгдэхүүнээс өөр ямар төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?
Хагас боловсруулсан бүтээгдэхүүн, ангилсан мах руу орж байна. Махыг ангилж, сортлох чиглэл рүү үйлдвэрлэлээ явуулна. Одоо монголчууд бид гулуузаар махыг зардгаа болих хэрэгтэй. Түүнчлэн махыг шинэлэг байдлаар худалдаалах, савлах ангилах шаардлагатай.
-Манай махыг чанартай амттай гэдэг ч экспорт хангалтгүй байгаа нь юутай холбоотой вэ?
Импортлогч компанийн шаардлага их өндөр байдаг. Хамгийн наад зах нь мал эрүүл байх ёстой. Гэтэл манай зах зээлийн махны үнэ дэлхийн зах зээлийн үнэтэй адил байгаа нь сонин. Уг нь өрсөлдөхүйц чанартай байж гэмээнэ тийм үнэтэй байх ёстой. Хэдийгээр органик гэж байгаа боловч олон улсын түвшинд хүрсэн ангилгаа сортолгооны аргад шилжих ёстой.
-Таны нэг өдрийн ажил юунаас эхэлдэг вэ?
Тийм ээ. Өглөө ажилдаа ирээд л шууд үйлдвэр лүү орж шинэ гарсан бүтээгдэхүүний амт чанарыг өөрийн биеэр нэг бүрчлэн шалгадаг. Манай үйлдвэрт нийтдээ 50-60 хүн ажилладаг. Өнгөрсөн жил Хүнсний коллежтой гэрээ байгуулж нэг жилийн хугацаанд 13 мэргэжилгүй хүнийг мэргэжилтэй, ажилтай болгосон. Сургалтын төлбөрийг бүрэн дааж, дадлагыг цалинтайгаар үйлдвэр дээрээ хийлгэсэн.