НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хурал эхэллээ
Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурал
2014.03.10

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хурал эхэллээ

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурал "Туушин" зочид буудалд боллоо.

Чуулганыг нээж, Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга үг хэллээ. Хурлаар Ази, Номхон далайн бүс нутгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудал болон түүний тогтвортой хөгжил,  хүнс, хөдөө аж ахуйн өнөөгийн байдал болон Мянганы хөгжлийн зорилтуудын нэг “Өлсгөлөнг 50 хувиар бууруулах зорилт”-ын биелэлтийн явц, малын бэлчээр, ойг нөхөн сэргээх, бүс нутагт байгаль орчинд ээлтэй хөдөө аж ахуйн арга туршлагыг дэлгэрүүлэх, номхон далайн арлын болон далайд гарцгүй улсуудын хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, хоол хүнсний тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг дөрөв хоногийн турш хэлэлцэхээр төлөвлөж байна. 

Бага хуралд Ази, Номхон далайн бүсийн 40 гаруй  орныг төлөөлж хүнс, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын асуудал хариуцсан сайд нар ирээд байгаа юм. Энэ удаагийн хуралд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Хосе Грациано да Силва оролцож байгаа ажээ. Энэхүү чуулга уулзалт  сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.