Гаалийнхан хотын даргатай санамж бичиг үзэглэнэ
ГЕГ-ын удирдлагууд болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар гарын үсэг зурна
2014.03.13

Гаалийнхан хотын даргатай санамж бичиг үзэглэнэ

Улаанбаатар хот дахь гаалийн газрынхан өнөөдөр хотын удирдлагуудтай санамж бичигт гарын үсэг зурна. Улаанбаатар хотноо Буянт-Ухаагийн гаалийн хороо, Шуудангийн гаалийн хороо гэхчилэн гаалийн байгууллагын салбар нэгжүүд ажилладаг.

Эдгээрт болон бусад гаалийн байгууллагуудаар үйлчлүүлэгсдийн талаас илүү хувь нь нийслэлчүүд байдаг. Тиймээс цаашид нийслэлийн иргэд хил гаалиар зөрчил дутагдалгүй үйлчлүүлэх, санаатай болон санаандгүйгээр хэрэгт оролцохгүй байхад анхаарахыг өнөөдөр үзэглэх санамж бичигт онцлон дурдаж байгаа юм байна.

Санамж бичигт  ГЕГ-ын удирдлагууд болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар гарын үсэг зурна. Өнгөрсөн онд гаальчид  3200 гаруй хэрэг зөрчил илрүүлсний  118 нь эрүүгийн гэмт хэрэг байжээ.

Буу, сум,  галт зэвсэг, химийн бодис зэрэг хориотой бараа бүтээгдэхүүнийг гадаадаас оруулж ирэх, үнэт эдлэл, ховор эд өлгийн зүйлсийг хил гаалиар гаргах гэж оролдох, ан амьтны мах арьс шир гаргахыг завдах зэрэг олон төрлийн гэмт хэргийг хазааралахад энэ удаагийн санамж бичиг ач тусаа өгнө гэж талууд үзэж буй ажээ.