Барилга хот байгуулалтын яам Ц.Баярсайхан
2014.03.10

Дотооддоо үйлдвэрлэсэн барилгын материал ашиглавал орон сууцны үнэ 30 хувиар буурах боломжтой

Манай улс барилгын салбарт томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Үүнийг дагаад барилгын материалын эрэлт хэрэгцээ өндөр байна.

Тэгвэл Улаанбаатар хотын  Налайх, Багануур дүүрэгт байрлах барилгын материалын үйлдвэр хайрга, дайрганы хүчин чадлыг нэмэгдүүлж чанартай, хямд үнэтэй материал нийлүүлж чадах юм бол байрны үнийг тодорхой хувиар бууруулах боломжтой гэдгийг салбарын яамнаас онцолж байна.

Өнгөрсөн онд засгийн газраас хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд барилгын материал үйлдвэрлэгч 60 гаруй аж ахуй нэгжид 170 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Үүний үр дүнд ганцхан жилийн дотор 160 гаруй үйлдвэр шинээр нээгдсэн гэж барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлж байна.

Энэ үйлдвэр байгуулагдсанаар урд хөршөөс импортолдог барилгын материалын хэрэгцээг дотоодоосоо хангаж орон сууцны үнийг 30 хувиар бууруулах боломжтой гэдгийг салбарын сайд нь онцолж байна.

Барилга хот байгуулалтын яам Ц.Баярсайхан: Өөрсдийнхөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэх юм бол барилгын үнэ 30 орчим хувиар буурах боломжтой гэж үзэж байгаа. Учир нь барилга барьж байгаа компаниуд импортын материал ашиглах, дотоодоосоо материал авах хоёрын зөрүү дор хаяж 30 хувь байгаа. Магадгүй үүнээс ч илүү буурах магадлал байна.

Шинээр байгуулагдсан үйлдвэрүүдээс гадна дахин 50 төсөл үйлдвэржилтийн бондоос санхүүжигдэхээр боловсруулагдаад байна. Үүний нэг нь төв аймгийн Эрдэнэ сумаас дөрвөн км-ийн зайд орших байгалийн чулуу боловсруулж, барилгын чулуу хийц үйлдвэрлэдэг үйлдвэр юм. Ордын хувьд хангалттай нөөцтэй учир техникийн хүчин чадлаа нэмэгдүүлэх юм бол дотоодын барилгын үйлдвэрийн чулуун хийцийн 30 хувийг дангаараа хангах боломжтой юм байна.

Энэ мэт дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж экспортыг орлож чадвал тээвэрлэлтийн зардлаа ч хэмнэх юм. Ингэснээр хямд үнэтэй, өндөр чанартай барилгын материал зах зээлд нийлүүлэх боломж бүрдэнэ. Орон сууцны үнэ ч дагаад бууна гэдгийг салбарын сайд нь онцолж байна.