Хаягжилтыг боловсронгуй болгох хуулийн төсөл өргөн барив
Хаягжилтыг боловсронгуй болгох хуулийн төсөл өргөн барив
2013.01.15

Хаягжилтыг боловсронгуй болгох хуулийн төсөл өргөн барив

Хаягжуулалтын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт зөвхөн өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн үл хөдлөх хөрөнгө буюу  нийслэлд хотын, дүүргийн нэр, хорооны дугаар, гудамж, талбай, хороолол, хотхоны нэр, байшин барилга, хашааны дугаар зэргийг шинэчлэх, хаягжуулах зорилт тусгагджээ. Тиймээс холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачилснаа ийнхүү өргөн мэдүүлж байна гэдгээ Ч.Сайханбилэг сайд хэллээ.


Хаягжуулалтын тухай хууль болон түүнийг дагалдаж Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулснаар гудамж талбай, үл хөдлөх хөрөнгийг үнэн зөв, энгийн, ойлгомжтой, дахин давтагдашгүй байдлаар хаягжуулах нь төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, бизнес эрхлэх орчин нөхцөлийг боловсронгуй болгох, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад онцгой ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байгаа аж. Түүнчлэн иргэдийн эзэмшилд байгаа, бүртгэлд хамрагдаагүй хөрөнгийг бүртгэж эдийн засгийн  эргэлтэд оруулах, иргэдийн шилжилт, хөдөлгөөний бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох, шуудангийн болон бусад төрлийн илгээмжийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн бизнес эрхлэх боломж, нөхцөлийг сайжруулахад хаягжилтийн шинэчлэл чухал нөлөө үзүүлэх юм. Хаягжуулалттай холбоотой зардлыг төсвөөс санхүүжүүлэх юм байна.


Харин Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хувьд Засгийн газраас хоёр дахь удаагаа өргөн барьж байна. Энэхүү хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд хэлэлцэх эсэхийг хэлэлцээд төсөл санаачлагчид нь буцаагаад байсан. Гэвч УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн өөрчлөлтийн дагуу төслийг дахин өргөн барьж байгаа юм