УИХ-аар батлагдсан Хаягжуулалтын тухай хуулийн танилцуулга
2014.02.28

УИХ-аар батлагдсан Хаягжуулалтын тухай хуулийн танилцуулга

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хаягжуулалтын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ. Дээр дурдсан хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Хаягжуулалтын тухай хуулийн зорилт нь гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах ажлыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах нарийвчилсан харилцааг Засгийн газрын журмаар зохицуулахаар тусгасан.

Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягжуулахад байр зүйн зурагт суурилсан, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт нийцсэн, хаягийн давхардалгүй, үнэн зөв, энгийн, ойлгомжтой, кадастрын бүртгэлээр баталгаажсан байхаас гадна хаягжуулах ажил нэгдсэн арга зүйтэй, хаягийн талаарх мэдээлэл хүртээмжтэй, нээлттэй байх зарчмыг баримтална.

Хуульд тусгасан зохицуулалтаас дурдвал:

  1. гудамж, зам, талбай болон өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн үл хөдлөх эд хөрөнгөд байршлын хаяг олгох;
  2. үл хөдлөх эд хөрөнгийн байршлын хаяг нь нийслэл, аймаг болон сумын төв, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгонд гудамж /зам, талбай, хороолол, хотхон/-ийн нэр, дугаар, хашаа, барилга байгууламжийн нэр, эсхүл дугаар, хаалганы дугаар зэрэг мэдээллээс, бусад газарт газар зүйн /газар, усны/ нэр, хашаа, барилга байгууламжийн нэр, эсхүл дугаар, хаалганы дугаар зэрэг мэдээллээс тус тус бүрдэх;
  3. үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэрийг уг үл хөдлөх эд хөрөнгийн байршлын хаягийн өмнө тодотгон бичих, түүнчлэн гудамж, зам, талбайг давхардахгүй байдлаар нэрлэж, дугаарлах;
  4. хаягийн тэмдэглэгээний стандартыг хаягжуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага боловсруулж, стандартчиллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батлах;
  5. гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмыг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар батлах;
  6. гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах ажлыг улсын төсвөөс санхүүжүүлэх. Засгийн газар хаягжуулалтын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахаар хуульд заасан.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь байгууллага, гудамж, талбайд нэр өгөх бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байсныг өөрчлөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай нийцүүлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зөвхөн байгууллагад нэр өгөх бүрэн эрхтэй байхаар хуульчилсан.


УИХ-ын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Ш.Хишигсүрэн