Хөрөнгө оруулалт 100 тэрбумаас давбал яах вэ?
Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Инновацийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. НББСШУ-ны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм.Төслийг чуулган, байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажилласан бөгөөд ажлын хэсэг 2 төслийг нэгтгэхдээ Засгийн газраас өргөн мэдүүлсэн Инновацийн тухай хуулийн төслийг суурь болгож, шинжлэх ухаан технологийн паркын тухай, венч сангийн тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх үүргийн тухай, инновацийн тэргүүлэх чиглэлийн тухай зүйл, хэсэг, заалт нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжжээ.Инновацийн тухай хуулийн төсөл батлагдан гарсанаар шинэ мэдлэг, технологийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн ашиглах замаар нийгмийн баялаг бүтээх үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулах, зохицуулах эрх зүйн орчин бүрдэж, манай улсын эдийн засаг, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн салбарт эерэг үр дагаваруудыг авчирна Байнгын хорооны гишүүд үзсэн байна.Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуух асуулттай гишүүн байсангүй.
Ингээд Байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүллээ.Үүний дараа Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Агаарын тухай, Ойн тухай, Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Амьтны тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай, Хог хаягдлын тухай, Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Л.Гансүх танилцуулав.Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн үйл ажиллагааны журам, орон нутгийн засаг захиргаатай хэрхэн хамтарч ажиллах, Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх үүрэг, байгаль орчны мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх байгууллагын бүрэлдэхүүн зэрэг асуудлуудыг тодруулсан байна.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үүрэгт байгаль орчныг хамгаалах, түүний баялаг, нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар салбар дундын болон бүс нутгийн удирдлага, бодлогын төлөвлөлтийг зохицуулж байхаар шинээр тусгажээ.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Байгаль орчны үнэлгээний ангилал, үнэлгээний чанар, ерөнхий шаардлага, үнэлгээнд оролцогч талуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах, үнэлгээний явцыг олон нийтэд мэдээлэх, стратегийн болон нөлөөллийн үнэлгээний тайланд олон нийтийн санал авах, хэрэгжилтэд хяналт тавих, хянан магадлагаа хийхтэй холбогдсон зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгасан хэмээн Л.Гансүх гишүүн танилцуулсан юм.
Орон нутгийн иргэдийн оролцоог ялангуяа ашигт малтмал олборлох, боловсруулах төслийг хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог идэвхжүүлэх, мэдээлэл авах, мэдээллээр хангах, санал авах боломжийг тусгаж хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад оногдуулах торгуулийн хэмжээг нэмэгдүүлэн тусгажээ.Хог хаягдлын тухай хуулийн төсөлд хог хаягдлын менежментийг сайжруулахаар олон улсад үр дүнтэй хэрэгжиж байгаа хог хаягдлыг эргүүлэн ашиглах, дахин боловсруулах болон зохистой аргаар устгах 3R зарчмыг нэвтрүүлэх, аюултай хог хаягдлыг цуглуулах, савлах, түр байршуулах, тээвэрлэх, устгах, дахин боловсруулах, хадгалахтай холбоотой зохицуулалтыг тодорхой болгож, хог хаягдалгүй болон дахин боловсруулж ашиглах технологи ашигласан иргэн, хуулийн этгээдийг урамшуулахаар тусгасан байна.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ус ашиглагч буюу ус бохирдуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хаяж байгаа бохир усаа стандартын дагуу цэвэршүүлэх тоног төхөөрөмжтэй байх, ус бохирдуулагч ус бохирдуулсны төлбөр төлөх, зөвшөөрсөн стандартаас давсан бохир усанд нөхөн төлбөр төлөхөөр заасан байна.
Байгаль орчны багц хуулийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан багц хуулиудаа баталлаа.Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай болоод дагалдах хуулиудын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталлаа.Стратегийн ач холбогдол салбар гэдэгт ашигт малтмал, банк, санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоог багтааж байгаа бөгөөд энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын хөрөнгө оруулагчийн хувь хэмжээ 49 хүртэл байх бөгөөд илүү гарах тохиолдолд, түүнчлэн хөрөнгө оруулалтын хэмжээ 100 тэрбум төгрөгөөс давсан тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэх гэсэн саналыг гишүүд дэмжсэн.Энэ хуулиар стратегийн аж ахуйн нэгж нь аливаа бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг худалдан авахдаа Монгол Улсад бүртгэлтэй Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгжид давуу эрх олгох журмыг баримтлах нь. Дээрх хууль Үндэсний аж ахуйн нэгж гэдгийг Монгол Улсын иргэн үүсгэн байгуулсан, татвар төлдөг, 50-иас доошгүй хувийг нь Монгол Улсын иргэн эзэмшдэг байх хэмээн тодотгожээ.Мөн өдрийн хуралдаанаар Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар танилцуулсан юм. Энэхүү хуулиар эд, эрхтэн шилжүүлгэн суулгах, сайн дураараа эд эрхтэнээ өгөх, эд, эрхтнийг амьгүй донороос авах эрх зүйн тогтолцоог улам боловсронгуй болгоно хэмээн Эрүүл мэндийн сайд танилцуулсан юм.УИХ-ын гишүүн Н.Батбаяр, амьгүй донороос эд эрхтэн авах тухай заалт байгаа юм байна. Өмнө нь амьгүй донороос эд эрхтэн авч хүнд шилжүүлэн суулгаж байсан тохиолдол бий юу. Хүн сайн дураараа өгч болно. Гэтэл нас барсан хүнээс эд эрхтнийг нь зөвшөөрөлгүй авах нь монгол ёс заншилд харш, нөгөөтэйгүүр донор байж таарах хэн нэгнийг санаатай хөнөөх үйлдэл рүү түлхэх юм биш биз хэмээн лавласан.Эрүүл мэндийн сайдын тайлбарласнаар Донорын тухай хуульд нас барагчийн өөрийн гэрээслэл, төрөл садны зөвшөөрөл, шаардлагатай бол хуулийн байгууллагын зөвшөөрлөөр амьгүй донороос эд, эрхтнийг нь авах тухай заасан байдаг аж. Энэхүү хуулийг дагаж мөрдөж байгаа гэлээ.
Донор гэдэг бол авлагагүй, сайн дурын үндсэн дээр цус, эд эрхтэнээ шилжүүлэх үйл явц гэж хэлсэн. Цусаа сайн дураар хандивласан донорт цай, 2500 төгрөг олгодог юм байна. Сүүлийн үед доноруудын нийгмийн асуудалд яамны зүгээс ихээхэн анхаарч байгаа талаар тэрбээр дурдсан. Тухайлбал, эрүүл мэндийн үйлчилгээг хөнгөлөлттэйгээр үзүүлэх, сувилалд үнэ төлбөргүй амраах зэрэг арга хэмжээ багтаж байгаа юм байна.Өөр асуулт асуух, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд гишүүдийн олонхийн саналаар дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.