2011.05.02

Монголын баялгийг монголчуудад мэдэгдэхгүйгээр зарахыг хуулиар хориглоно

Ашигт малтмал, дэд бүтэц, харилцаа холбоо, хүнс зэрэг стратегийн ач холбогдолтой нэр бүхий 19 салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг илүү тодорхой, ойлгомжтой байдлаар зохицуулах үүднээс хуулийн төсөл санаачилсан гэдгээ гишүүн С.Бямбацогт УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Ийм хуультай болсноор Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид тооцжээ. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, тогтоомжоор гадаадын хөрөнгө оруулагч нь Монгол Улсын стратегийн ач холбог-долтой компанийн хувьцааг 100 хувь эзэмших, хөрөнгө оруулалт хийхэд ямар нэгэн хязгаарлалт байдаггүй юм байна.

Монгол бол харьцангуй ардчилсан төртэй, харьцангуй нээлттэй эдийн засагтай, гадаадын хөрөнгө оруулалтыг талархан дэмждэг улс орон хэдий ч үндэсний аюулгүй байдлаа хангахын тулд хууль эрх зүйн тодорхой орчинтой байх ёстой. Энэ хуулийг батлан гаргаснаар гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах нь гэж эмзэглэх хэрэггүй.

Товчхондоо бол тоглоомын дүрмээ илүү тодорхой болгох шаардлагатай байгаа юм гэж төсөл санаачлагчдын нэг С.Бямбацогт гишүүн хэллээ. Дэлхийн бусад улс оронд стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтад хуулиар тодорхой хязгаар тогтоодог жишиг ч байдаг ажээ. Тухайлбал, ОХУ 2007 онд Улс орны батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулах тухай хуулийг баталсан бол ХБНГУ 2007 онд гадаадын хөрөнгө оруулагч стратегийн компаниудад хувьцаа эзэмшихийг хязгаарласан өөрчлөлт оруулсан байна.

АНУ агаарын тээврийн компаниудад гадаадын хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшихийг хориглосон байдаг ажээ. Энэ хуулийг баталснаар Монгол Улсын нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар учрахгүй бөгөөд стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулагч болон нэгдмэл сонирхолтой этгээдэд хяналт тогтоосноор улс үндэстний язгуур эрх ашигт шууд нөлөөлөхүйц томоохон хэмжээний ашигт малтмалын орд газрууд, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөрөнгө оруулагч нар бусад орны төрийн болон түүний төлөөллийн компани, хуулийн этгээдэд хувьцаагаа зарах тохиолдолд Засгийн газрын холбогдох байгууллагаас зөвшөөрөл авдаг журамд шилжинэ гэж төсөл санаачлагчид тайлбарлалаа. Гишүүдийн сонирхсон асуултад төсөл санаачлагчдыг төлөөлж гишүүн С.Бямбацогт дараах хариултыг өглөө.

Ж.Батсуурь:

-Ийм харилцааг бие даасан хууль гаргалгүйгээр Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд нэмэлт оруулах байдлаар шийдэж болохгүй юу. Асуудлыг зөв ойлгуулахгүй бол гадаадын томоохон хөрөнгө оруулагчдаа үргээх вий гэсэн болгоомжлол байна. Унтаж байгаа баавгайг сэрээх аюултай, шархтуулах бүр ч аюултай гэдэг үг бий.

С.Бямбацогт:

-Хуулийн төслийн нэрийн хувьд зарим хүн эмзэглээд байх шиг байна. Байнгын хорооны хурлын үеэр ч иймэрхүү асуулт гарч байсан. Стратегийн ач холбогдолтой салбар гэдгээ хэвээр үлдээгээд үндэсний аюулгүй байдлыг хангах гэсэн хэсгийг төслийн нэрээс хасаж болно. Манайд бол энэ харилцааг зохицуулсан хэт ерөнхий хууль л байгаа юм. Төсөл санаачлагчид ярилцаад бие даасан хууль байсан нь дээр гэж үзсэн. Гадаадын олон Улсад стратегийн  ач холбогдолтой салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг бие даасан хуулиар зохицуулдаг жишиг байдаг юм билээ. Ингэж тоглоомын дүрмээ ойлгомж-той, тодорхой болгож авахгүй бол монголчуудын баялаг монголчуудад мэдэгдэхгүйгээр гадаадынхны мэдэлд шилжээд байна шүү дээ.

Д.Оюунхорол:

-Хуулийн төсөлд эргэлзээ төрүүлэхээр олон зүйл байна. Бид зах зээлийн нийгэмд шинжээд 20 жилийг үдпээ. Манай улсын ДНБ-ий 80 гаруй хувийг хувийн хэвшлийнхэн бүтээж байна. Улсын гол ачааг нуруун дээрээ үүрч яваа хувийн хэвшлийнхэн төр, засгаас өөрсдийг нь дэмжээсэй, хуулийн орчин тогтвортой байгаасай гэж хүсдэг. Хуулийн төсөл тэдний энэ хүсэлтэй зөрчилдөх юм биш биз дээ. Монгол Улс үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирлээ гэж хүн болгон ярьж байна. Ийм үед гадаадын хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээгээр хязгаарлах хууль гаргах нь хэр оновчтой байх бол. Ер нь МҮХАҮТ-аас санал авсан уу. Хэвлэл мэдээллийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг онцгой анхаарах хэрэгтэй байна. Нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулалт дээр зарим талаар хяналт тавих шаардлагатай болжээ. Гадаадын улс орнуудыг харж байхад гадаадын хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, асрамжийн газар байгуулахыг зөвшөөрдөггүй. Хуулийн төсөлд энэ талаар тусгавал сайнсан.

-Бид Гадаад харилцааны яамаар дамжуулж Гадаадын хөрөнгө оруулалтын газраас санал авсан. Тэд энэ бол байх ёстой хууль гэсэн утгатай маш дэлгэрэнгүй санал ирүүлсэн. МҮХАҮТ-аас албан ёсоор бичгээр санал авсан зүйл байхгүй. Харин тус танхимын дарга С.Дэмбэрэл хуулийн төслийг дэмжиж байгаа гэдгээ хэлсэн. Энэ хуулийг гаргаснаар төр хувийн хэвшлийн ажилд хутгалдахгүй. Төслийг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тулгуурлаж  боловсруулсан гэдгийг хэлье. Энэхүү үзэл баримтлалд төрөөс хувийн хэвшлийг дэмжих агуулгаар батлагд-сан учраас ямар нэг асуудал байхгүй. Шашны чиглэлийн гадаадын байгууллагын санхүүжилттэй сургууль, цэцэрлэгүүдийг анхаарах ёстой гэдэгтэй санал нэг байна. Шашны байгууллагууд түүгээрээ дамжуулж ухуулга хийж байгаа зүйл бий. Хэвлэлийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтад тодорхой зохицуулалт хийх заалт төсөлд байгаа. Тухайлбал, 10000-аас дээш хувиар хэвлэгддэг сонин, Монгол Улсын нийт хүн амын тэн хагасаас илүүд нь эфирээ хүргэдэг телевизийн гадаадын хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээнд хязгаарлах заалт оруулсан.

А.Тлейхан:

-Энэ төслийг дэмжиж байгаа. Хуулийн гол үзэл санаа, зорилгыг гадаадын хөрөнгө оруулагч нарт зөв ойлгуулах хэрэгтэй. Харин стратегийн ач холбогдолтой 19 салбарын жагсаалтад эрчим хүч, төмөр замыг нэмж оруулъя.

-А.Тлейхан гишүүний гаргаж байгаа саналыг хэлэлцүүлгийн явцад төсөлд тусгаад явах бүрэн боломжтой. Гишүүдийн олонх нь төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал өгсөн. Х.Жекей гишүүн аливаа улс орны аюулгүй байдлыг цэрэг, зэвсгийн хүчээр хангах гэдэг байсан үе ард хоцорчээ. Одоо бол улстөрийн тогтвортой байдлыг хангаад, дараа нь эдийн засгаа хүчирхэгжүүлэх замаар аюулгүй байдлаа хангадаг арга нэлээд үр дүнтэй байна. Монгол Улс улс төрийн хүрээндээ нэлээд дэвшил хийсэн, одоо эдийн засгийн салбар руугаа анхаарал хандуулах шаардлагатай байгаа юм. Яг ийм цаг үед энэ төслийг санаачилсанд олзуурхаж, дэмжиж байна гэлээ. Гишүүн Н.Ганбямба гадаадын хөрөнгө оруулалт нэрээр бохир мөнгө угаадаг болсон гэдгийг анхааруулаад төсөлд энэ талаар тодорхой зохицуулалт оруулаарай гэж байв.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.