2012.05.23

Гадаадын компанийн хөрөнгө оруулалт нь 100 тэрбум төгрөгөөс давбал асуудлыг УИХ-аар шийдвэрлэнэ

Олон хоног маргаан дагуулсан Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг тавдугаар сарын 17-ний өдөр батлан энэ өдрөөс хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. 

Уг хуульд манай стратегийн гэх аж ахуйн нэгжид гадаадын ямар нэг компани хөрөнгө оруулалт хийж, хувьцааг нь эзэмшихээр болбол Засгийн газраас зөвшөөрөл авах талаар тусгаж өгсөн. Стратегийн гэх аж ахуйн нэгжүүдэд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд багтсан салбараас гадна уул уурхай, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, банк санхүүгийн байгууллагыг хамруулж байгаа аж.

Дотоодын компанийн хувьцааны 49 хүртэл хувийг гадаадын компани эзэмших болбол Засгийн газар зөвшөөрөл өгнө. Хэрэв гадаадын компанийн эзэмших хувь хэмжээ нь 49 хувиас хэтэрч, хөрөнгө оруулалт нь 100 тэрбум төгрөгөөс давбал Засгийн газар асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлнэ хэмээн уг хуульд заажээ. Өчигдөр Гадаад Харилцааны сайд Г.Занданшатар Дипломат Төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг хүлээн авч хуулийн талаар мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр "Стратегийн салбарт гадаад хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулийн төслийн талаар энэ сарын 1-ний өдөр мэдээлэл хүргэсэн. Хууль батлагдсан хэдий ч өмнөх төслөөс нэлээд өөрчлөгдсөн. Энэ хуулийн гол зорилго нь гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалтыг сайжруулж Монгол Улсад зах зээлийн системийг өрсөлдөөний зарчимд үндэслэн хөгжүүлэхэд оршиж байна.

Нөгөө талаас уул уурхайн салбараас хэт хамааралтай, экспортын цөөн нэр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг манай улсын хувьд тухайн салбарт илүү нээлттэй чөлөөт өрсөлдөөнийг хамгаалах, монополиос сэргийлэх нь зайлшгүй хэрэг юм. Хуульд стратегийн салбарт хөрөнгө оруулагч гадаадын хөрөнгө оруулагчид тодорхой зарим бизнес хэлцэл хийх тухайгаа холбогдох байгууллагад мэдээлэхийг тусгасан. Мэдээлэл болон зөвшөөрөл хүсэх журмыг Засгийн газраас ойрын хугацаанд батална" гэв.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.