Д.Батцогтыг байнгын хорооны даргад дэвшүүлэв
УИХ-ын гишүүн Д.Батцогт
2013.12.27

Д.Батцогтыг байнгын хорооны даргад дэвшүүлэв

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Батцогтыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ.

УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг хуралдаад УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Батцогтыг дэвшүүлэхээр санал нэгдсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ "Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо нь нийгмийн бүхий л салбарыг хамарсан маш том асуудал хариуцдаг. Өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах шаардлагатай болдог. Энэ бүхнийг Д.Батцогт гишүүнийг хийж чадна гэж найдаж байна. Яамдуудтайгаа сайн холбоотой байж, сайд нарыг шахаж ажиллаарай. Ажлын амжилт хүсч байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан "Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хэрэгтэй байгаа. Тэр дундаа хуурамч эмийн худалдаа Монгол Улсын зах зээлд нэлээд хувийг эзлэх болсон тул энэ бүхний эсрэг тууштай бодлого хэрэгжүүлэхэд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хүлээх хариуцлага өндөр. Д.Батцогт гишүүнийг тус байнгын хорооны даргад нэр дэвшүүлснийг дэмжиж байгаа. Шинэ албанд нь амжилт хүсч байна" гэв.

Мөн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр ажлын амжилт хүсч, байнгын хорооны даргад нэр дэвшигчийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулахаар болсноор тус хуралдаан дууслаа. Үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанаар бүх байнгын хороодын дарга нарыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн батлах юм.