Ө.Энхтүвшин: АН бяртай байгаа ч бяр өөрийгөө авч шиддэг юм"
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2013.12.26

Ө.Энхтүвшин: АН бяртай байгаа ч бяр өөрийгөө авч шиддэг юм"

УИХ-ын чуулганы хуралдаанаар байнгын хороодын гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үеэр МАН-ын гишүүдийг байнгын хорооны гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэхийг МАН-ын зүгээс тавьсан боловч АН хүлээж авсангүй.

Д.Оюунхорол гишүүн “МАН-аас нэг жилийн өмнө байнгын хороонд оруулж өгөх саналыг УИХ-д өгсөн боловч одоо болтол хэлэлцэхгүй байна. Нэгэнт байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж байгаа бол МАН-ын гишүүдийг томилох асуудлыг хамтад нь хэлэлцэх ёсто” гэсэн боловч олонхи хүлээж авсангүй.

Энэ нь МАН-ынхны бухимдахад хүргэж Ө.Энхтүвшин гишүүн “МАН-ын гишүүдийг байнгын хороонд оруулахгүй байгааг ойлгохгүй байна. Ардчилсан намын гишүүд нь найман байнгын хороонд харьяалагдаж байхад МАН-ын зарим гишүүн нэг ч байнгын хороонд харьяалагдахгүй байгаа нь шударга бус байна. АН хэтэрхий бяртай байна. Бяр өөрийгөө авч шиддэг шүү” гэдгийг хатуухан санууллаа. Гэвч АН-ынхан олонхийн хүчээр байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан юм.

УИХ-ын гишүүн бүр байнгын хороонд харьяалагдах дэг бий. Гэвч МАН-ыг бүлэг байгуулах асуудлаа хугацаанд нь өгөөгүй гэсэн шалтгаанаар байнгын хорооны гишүүдийн олонхи нь АН-ын гишүүд байгаа юм. Энэ асуудлыг хэлэлцэх тухай удаа дараа МАН-ын бүлгээс тавьж байгаа боловч олонхийн зүгээс шийдвэртэй хариу өгөхгүй байсаар өдийг хүрсэн.

МАН-ын гишүүн нэг байнгын хороонд харьяалагдаж байхад АН-ын гишүүд 5-8 байнгын хороонд харьялагдаж байгаа нь хэр шударга парламент байна вэ гэдгийг ард түмэн харж байгаа гэдгийг МАН-ын гишүүд чуулганы хуралдаан дээр хатуухан сануулав.