Уул уурхайн толь бичиг олон улсын зах зээлд гарахад туслана
Монголын Экспортлогчдын Холбоо “Монгол-Англи-Монгол” уул уурхайн толь бичгийг анх удаа эрхлэн гаргажээ
2013.12.10

Уул уурхайн толь бичиг олон улсын зах зээлд гарахад туслана

Уул уурхайг хариуцлагатайгаар ашиглаж, үр өгөөжийг нь иргэдийн амьдралд хүргэх нь хамгийн чухал билээ. Энэ ч үүднээс манай улс гадаадын хөрөнгө оруулагчдад хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч, Хөрөнгө оруулалтын хуулийг баталж, Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг гаргаад байгаа юм.

Баялгаа ашиглах нь зайлшгүй болсон өнөө үед өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах нь тэргүүний зорилт. Харин энэ өрсөлдөөнд хэн мэдлэг, чадвартай нь урагшилна.

Тэр ч утгаараа Монголын Экспортлогчдын Холбоо “Монгол-Англи-Монгол” уул уурхайн толь бичгийг анх удаа эрхлэн гаргажээ.

Энэхүү толь бичиг нь эрдэс баялгийн салбар, тухайлбал геологи, уул уурхай, эрдсийн боловсруулалт, металлурги, уул уурхайн санхүү, хөрөнгө оруулалт, ашигт малтмалын хууль, эрдсийн худалдаанд өргөн хэрэглэгддэг 12000 гаруй үг хэллэгийг багтаасан маш чухал гарын авлага болжээ.

Монгол экспортлогчдын холбоо нь 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд экспортлогчдын олон улсын зах зээлд гарахад туслах, бүс нутгийн болон олон улсын барааны бирж, төрөлжсөн зах зээлийн судалгааны байгууллагуудтай холбох, эрдсийн эдийн засаг, эрдсийн олон улсын худалдааны чиглэлээр сургалт явуулдаг юм.

Түүнчлэн уул уурхайн бизнесийн англи хэлний сургалт зохион байгуулах, эрдсийн бүтээгдэхүүний олон улсын зах зээл, эрэлт, нийлүүлэлтийн төлөв байдлын талаар шинжилгээ хийдэг ажээ.