МАН-ынхан болохоос болохгүйг хүртэлх бүхий л асуудлаар иргэдтэйгээ ярилцана
АН-ын хангайн бүс хариуцсан нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн О.Содбилэгээр ахлуулсан тус намын ажлын хэсэг Орхон, Булган, Хөвсгөл аймагт ажиллаад ирлээ.
МАН-ынхны хөдөө орон нутагт ажиллаж буйн нэг зорилго намынхаа Их хурлын бодлого, үйл ажиллагааг олон түмэн, намын гишүүддээ хүргэх, нөгөө талаар төр, засгийн бодлого, шийдвэрийг хүргэж, ард иргэдийн үгийг сонсч, төр засгийн бодлого, үйл ажиллагаанд тусгуулах юм.
Дээрх гурван аймагт иргэд, сонгогчидтой уулзахдаа УИХ-ын гишүүн О.Содбилэг МАНын их хурлын үйл явц, бодлого шийдвэр, хэтийн зорилго, зорилтын талаар иргэдэд мэдээлэл өгсөн бол гишүүн Л.Энх-Амгалан ирэх оны төсвийн талаар, Д.Сарангэрэл УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг нийгэмд чиглэсэн ямар бодлого, үйл ажиллагаа явуулж, хуулийн төсөл боловсруулах гэж буй талаараа мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулж санал солилцож явав.
Үзэх, сонсох хоёрын хооронд дөрвөн хуруу зай бий гэдэг. Бидний очсон аймгуудад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч,цалин тэтгэвэр тэтгэмж хаанаа ч хүрэхээ больсон тухай ард иргэдийн гомдол тасарсангүй. Эрх баригчид тэдний үгийг сонсдоггүй, сонслоо ч үл тоодог байна. Тиймээс чин сэтгэлийн үгийг нь сонсох, төр, засгийн мэдээ, мэдээллийг хуваалцах иймэрхүү уулзалтаар цангасан нь илт.
ОРХОНЫ ЭМЧ НАР ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДАА ГОЛЛОО
Салбарын сайд нь салбараа авч явж чадахгүй байгааг ч шүүмжилсэн.
Орхон аймагт ажилласан гишүүдийн уулзалт нэгдсэн эмнэлгийн эмч,ажилчидтай хийх уулзалтаар эхэлсэн. Эмч нар нөгөө л цалингийн асуудлыг хөндөв. Салбарын сайд нь салбараа авч явж чадахгүй байгааг ч шүүмжилсэн. Эрүүл мэндийн сайд атлаа аймагт нь ирчихээд эмч, эмнэлгийн ажилчидтай уулзахгүйгээр явсан гэх гомдол ч гарав. Нэг, хоёр эмнэлгийн асуудлыг шийдэж чадахгүй явсаар салбарын, бүр улсын хэмжээний асуудал болгож байгаад гайхаж явдгаа ч Орхоны эрүүл мэндийн салбарынхан нуусангүй.
Мөн сүүлийн үеийн эмчилгээ оношлогооны тоног төхөөрөмж хэрэгтэй байгааг тойргийн гишүүн О.Содбилэгт уламжилсан. Тухайлбал, нүдний эмчилгээ, шинжилгээний тоног төхөөрөмж нэн шаардлагатай байгаа аж. Энэ тухай салбарын сайддаа албан бичиг хүргүүлсэн ч нэг ч хариу ирүүлээгүй байна. 2009 оноос тус аймгийн нэгдсэн эмнэлгийг төвийн бүсийн эмчилгээ оношлогооны төв болгосон.
Хэдийгээр нэрний хувьд ингэж томорсон ч жилд батлагддаг төсөв нь нэгдсэн эмнэлгийн төсвөөр батлагддаг байна. Түүнчлэн эмчлүүлэгчдийн тоо эрс өсч, ачаалал нь 2-3 дахин нэмэгджээ. Тус аймгийн эмнэлгийн байгууллагын өмнө тулгамдаж буй энэ мэт олон асуудлыг УИХын гишүүн О.Содбилэг нааштайгаараа шийдвэрлэх ямар арга зам байна, тэр бүхний төлөө явна гэсэн.
Мөн Эрүүл мэндийн сайд Н.Удвалд дээрх асуудлуудаар асуулга тавих тухай ярилаа. Гишүүн О.Содбилэг энэ удаад иргэдтэйгээ уулзаад өнгөрөхийг урьтал болгосонгүй. Тэрбээр эмч, ажилчидтай хийсэн уулзалтынхаа дараа гэр хорооллын захын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, хотын төвөөс 25 километрийн зайд орших Жаргалант сумын иргэд, сонгогчидтой уулзалт хийсэн юм.
ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ ХӨВСГӨЛ АЙМАГ
Томилолтын гурав дахь өдөр буюу 28-ны өдөр хоймор нутаг Хөвсгөл аймагт дөрөө мулталлаа. Иргэдтэй хийх уулзалт товлосон 15 цагтаа эхлэв. Уулзалтын эхэнд мөн л МАН-ын их хурлаас гаргасан бодлого, шийдвэр, улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлыг танилцуулсан. Өөдлөх айл үүднээсээ гэлцдэг. Хөвсгөл аймагт дэд бүтэц сайн хөгжжээ. Харин утаа нь Улаанбааатарын араас орох нь дээ гэсэн эмзэглэл төрснийг нуух юун.
Түүнчлэн ирэх онд 250-300 айлын Шинэ Мөрөн хороолол ашиглалтад орох юм байна.
Аймгийн Хөгжимт дуу, бүжгийн драмын театрт булан, тохойгүй хүн цуглажээ. Гишүүд Хөвсгөл аймагт хийх уулзалтаа ч үр дүнтэй болгохыг хичээж хүн нэг бүрт үг хэлэх боломжийг олгож, бичгээр ирүүлсэн асуултад хариулт өгсөн. Энэ удаагийн уулзалтад тус аймгийн сумдаас ч төлөөлөл хүрэлцэн иржээ. Хөвсгөл аймгийн буурай нар Архины тухай хуулийн төслийг хурдан боловсруулахыг мөн л шаардаж байсан.
Уулзалтад оролцогчдыг үнийн өсөлт, цалин, тэтгэвэр тэтгэмж мөн адил тойрсонгүй. Ялангуяа хөвсгөлчүүд “Үнэ тогворгүйжүүлэх хөтөлбөр”-ийн үр шимийг амсаагүй хэмээцгээсэн. Энэ талаар өндөр настан Самбуу гуай “Ерөнхий сайд гурил, мах, нүүрс, орон сууц, цементний үнэ өсөөгүй гээд л таван хуруугаа гозойлгоод үдэш бүр зурагтаар гараад байсан. Хаа сайгүй л үнийн өсөлт байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөр манай аймагт хэрэгжээгүй.
Харин ч юмны үнэ тэнгэрт хадчихаад байна” хэмээн өгүүлсэн. Мөн тэрбээр ахмадуудад олгох түлээ, нүүрсний хөнгөлөлтөд өөрчлөлт оруулахыг хүссэн юм. Өмнөх аймгуудад ч энэ асуудал нэлээн яригдсан. Нийгмийн халамжийн тухай хуульд ганц бие эсвэл хөгжлийн бэрхшээлтэй өндөр настанд түлээ, нүүрс хөнгөлөлтөөр олгоно гэсэн заалтад өөрчлөлт оруулахыг хүссэн. Хөвсгөл хөгжиж буй аймгуудын түүчээ болж буй ч гэсэн тус аймагт тулгамдсан, шийдвэрлэх ёстой асуудал олон бий.
Тухайлбал, ирэх оны төсөвт Арбулаг, Ренчинлхүмбэ, Тосонцэнгэл зэрэг сумдад цэцэрлэг байгуулахаар болсон байна. Мөн Их-Уул, Бүрэнтогтох зэрэг сумд эрүүл мэндийн төвтэй болох аж. Тарианланг хөгжлийн түүчээ болсон сум хэмээн нутгийн хүү Л.Энх-Амгалан гишүүн онцолсон. Түүнчлэн ирэх онд 250-300 айлын Шинэ Мөрөн хороолол ашиглалтад орох юм байна.
Ард иргэдтэй хийсэн уулзалтын дараа гишүүд бизнес эрхлэгчтэй уулзаж, ярилцсан. Энэхүү уулзалтыг цагаа олсон арга хэмжээ хэмээн бизнес эрхлэгчид олзуурхаж байсан юм. Энэчлэн МАН-ын гишүүд иргэд олонтойгоо уулзаж, болохоос болохгүйг хүртэл шийдэж чадах бүхий л асуудлаа ярилцлаа. Ард олон ч хэлэх гэсэн үгээ хэлж, зарим нь бичиг, цаасаар төрийн түшээдэд үгээ дайсандаа баяртай байв.