Баянхонгор аймгаас 23 төсөл арга хэмжээг 2014 оны төсөлд суужээ
Хангайн бүс хариуцсан нарийн бичгийн дарга О.Содбилэгээр ахлуулсан МАН-ын 27 дугаар Их хурлын шийдвэрийг ард түмэн танилцуулах ажлын хэсэг ажиллаж байна.
Ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж, нутгийн иргэдтэй уулзав. Уулзалтад 2014 оны төсөв болон улс орны хэмжээнд хүлээлт үүсгэсэн болон батлагдаж гарсан хуулийн төслүүдийн танилцуулгын асуудал юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан мэдээлэл өгөв. Иргэдийн хамгийн их сонирхож байсан асуудал бол өр зээл. Бид өр тавихгүйгээр хөгжих боломж байгаа эсэхийг тэд төрд төлөөлсөн гишүүдээсээ онцлон асууж байв. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хариулахдаа “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Монгол Улсын өрийг нэмэгдүүлэх, өөрөөр хэлбэл улсын өр нь ДНБ-ий 60 хувьтай тэнцэх хэмжээнд байх ёстой гэж оруулж ирснийг бид дэмжээгүй. Өргүйгээр хөгжиж боломж байхгүй байж болно.
Гэхдээ зарцуулалтаа зөв тооцоолоогүй өр ямар их гай дагуулах вэ гэдгийг бодох учиртай. “Чингис” бондын зарцуулалт тодорхой бус, хугацаа буруу байснаас болж бид олон зуун тэрбум төгрөгийг өрөнд өгч байна. Алтны ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахыг бид дэмжихгүй. Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой гэж ярьдаг атлаа өнөөдөр тэдэнд боломж олгох гээд хууль боловсруулаад явж байна.
Дээд боловсролын санхүүжилтийн асуудлыг бид хөндсөн. Оюутнуудыг тэгж хясч болохгүй. Мөн хугацаа нь удааширсан барилгын асуудал дээр ч олонхитой зөвшилцөж байна. Сургууль, цэцэрлэгийн мөнгийг бид гацаах ёсгүй” хэмээн төсөвтэй холбоотой болон түүнийг дагалдаж өргөн мэдүүлсэн хуулийн талаар мэдээлэл өгсөн юм. Баянхонгор аймгийн хувьд энэ жил 23 төсөл арга хэмжээ улсын төсөвт суужээ.
Тухайлбал, Гурванбулаг сумын сургууль, цэцэрлэг, Шинэжинст сумын цэцэрлэг, Өвөржаргалангийн сургуулийн засвар, Шинэжинст, Баянцагаан сумыг эрчим хүчинд холбох зэрэг олон төсөл арга хэмжээний мөнгийг шийдсэнийг дуулгаж иргэдийн магнайг тэнийлгэв.