Р.Балжир: Сэтгэхүйн өөрчлөлтийг л хиймээр байна
Монгол улсын Авто замын зөвлөх инженер Р.Балжир
2013.10.15

Р.Балжир: Сэтгэхүйн өөрчлөлтийг л хиймээр байна

Монгол улсын Авто замын зөвлөх инженер Р.Балжиртай авто замын салбарын хөгжил болон цаашид анхаарах зүйлсийн талаар ярилцлаа.

-Зөвлөх инженер хүний хувьд авто замын салбарын хөгжлийг ямар түвшинд байгаа гэж үзэж байна. Үе үеийн засгийн газар төчнөөн км зам барина гэж амладаг. Гэтэл үүнийг гүйцэтгэх компани, хүн хүч техник хангамж нь үнэхээр хангалттай байгаа юу. Таны бодлоор?

Шинэчлэлийн засгийн газар том зорилт, бодлого тавьсан. Гэхдээ миний болдлоор тэд бодлогоо гаргахдаа тооцоо судалгаа муутай гаргав уу гэж санагдсан.

Хамгийн гол нь бодлогоо хэрэгжүүлэхдээ сэтгэл гаргаж ажиллаж чадахгүй байна. Үүнийг л шүүмжилмээр байна. Ямар бодлогыг, ямар арга замаар, яаж хэрэгжүүлэх билээ гэдгээ хүн бүр бодолцмоор байх юм. Уг нь бодлого нь байгаад байдаг. Сэтгэлээсээ хандаж чадахгүй байгаа учраас олигтой үр дүн гарахгүй байна. Цаашид энэ салбарыг хөгжүүлье гэвэл мэргэжилтнээсээ эхлээд сэтгэхүйн өөрчлөлт хийх хэрэгтэй.

-Сэтгэхүй нь өөрчлөгдөхгүй байхад хичнээн сайн бодлого байгаад яах билээ?

Энэ жил зургаан аймгийг нийслэлтэй холбох авто замын томоохон ажлыг эхлүүлсэн. Гэтэл одоогийн байдлаар дөрвөн аймаг нь ажлаа хийж амжихгүй гэдэг нь тодорхой. Дундговь, Өмнөговь, Дорнод, Хөвсгөл аймгууд чадахгүй. Харин Мянганы сорилтын сангийн төслөөр Дорноговь аймаг холбогдчихлоо. Баянхонгор холбогдлоо.

-Яагаад ийм байдалд хүрчихэв ээ?

Замын ажлаа орой эхэлсэн. Яагаад ингэж оройтсоныг ойлгохгүй байна. Үнэхээр зорилго тавьсан бол хурдан эхлэх байсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн бол өдийд нийслэлтэй холбох ажлыг ярьж магадгүй. Хоёрдугаарт засгийн газрын зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хууль дүрмээ зөрчиж байна. Зураг төсөлгүйгээр ямар ч замын ажлыг эхлэх ёсгүй. Гэтэл одоо Өмнөговийн тийшээ зураг төсөлгүй эхэлсэн замууд байна.

-Зураг төслөө баталж байж замаа эхлүүлэх нь бараг хууль гэдгийг замчид мэдэж байгаа. Гэтэл яагаад ийм хариуцлагагүй хандаж байна вэ. Үнэн гэж үү?

Үнэн байна. Зам нь эхэлсэн байхад зураг нь одоо гарч байна. Ингэж болохгүй. Яам нь хуулиа зөрчөөд эхлэхээр ямар шинэчлэл байх вэ.

Энэ мэт байдлыг сэтгэхүйн доройтол гэж үзнэ. Тиймээс хамгийн түрүүнд бодлогыг авч үзэх ёстой. Эхлээд хоёр гуравхан асуудал дээр төвлөрье. Дотоод хяналт,хөндлөнгийн хяналт, хариуцлагын тогтолцоо, ,. Техникийн шаардлага бол гэрээний хамгийн чухал баримт бичиг, гэтэл үүнийгээ захиалагч, гүйцэтгэгч хоёр хоёулаа зөрчиж байна. Сэтгэхүйн өөрчлөлтийг л хиймээр байна.

Компаниуд өөрсдөө чанарын буюу дотоодын хяналт хийхгүй байна. Гүйцэтгэгч компаниуд ажлаа сайн ойлгож мэдэхгүй, хяналтын компанидаа хэт найдаж, хариуцлагагүй ажиллаж байна. Хатуу хариуцлагатай байх ёстой. Ер нь авто замын шинэ барилга, арчлалт,засварын бодлого, зураг төслийн чанар, гэрээний хариуцлага гэсэн хэдхэн гол асуудлыг хооронд нь нягт уялдуулан сайн бодож боловсруулан хэрэгжүүлмээр байгаа юм. Эндээс эхлээд шат дараатай арга хэмжээ авбал ойрын ирээдүйд байдал сайжирах байх.

-Та Мянганы сорилтын сангийн авто замын төсөлд ажиллаж байсан. Тус төсөл ямар үр дүнд хүрсэн талаар болон тендерийн шалгуурын талаар ярилцья?

Уг төслийг 2010 оны хоёр сард Улсын их хурлаар соёрхон баталсан. Эхний тендерт Солонгосын “Эл ай жи” компани шалгарсан ч дараа жил нь тус компани дампуурсан учраас гэрээгээ цуцалсан.

Дахин тендер зарлаад бичиг баримтын боловсруулалт хийгдсээр байтал Мянганы сорилтын сангийн төсөл дуусахад хоёр жилийн хугацаа үлдсэн. Тиймээс нийт 176 км авто замыг хоёр хувааж, тендер зарласан. Ингээд 2012 оны 4 сард Солонгос болон Хятадын хоёр компани замын ажилдаа орсон. Тэд энэ жилийн найман сард замаа бүрэн хүлээлгэж өгсөн. Чойроос цаашаа Сайншанд хүртэл тасархай байсан хэсэг холбогдож, Улаанбаатараас Сайншанд хүртэлх хар замыг нийлүүлсэн. Замын төсөлд анх 79,7 сая ам.доллар төсөвлөсөнийг бүрэн зарцуулсан.

-Монгол компаниуд тендерт оролцсон уу. Замын компаниудын өрсөлдөх чадвар хэр байна вэ?

Бид төслийн дагуу  Баянзүрхийн товчооноос Налайх хүртлэх зам барих байсан ч хоёр удаа тендер зарлахад шаардлага хангасан компани шалгараагүй.  Мянганы сорилтын сангийн төсөл байсан учир олон улсад нээлттэй явагдсан. Мөн шалгаруулах үнэлгээний хороо нь МСС-ийн өөрийн баг байсан. Гэхдээ дотоодын компаниуд тэнцээгүйг ялгавартай ойлгох хэрэгтэй.

Монголын компаниуд хийсэн ажлын хэмжээний босго дээр шаардлага хангаагүй. Жишээлбэл тухайн компани жилд 5 сая ам.долларын ажил хийсэн байх ёстой гэсэн шалгуурт жижиг компаниуд бүдэрсэн. Түүнчлэн дотоодын компаниуд тендерийн бичиг баримтыг бүрдүүлэхдээ нарийн судлаж, үзэлгүйгээр хам хум хийж, ганцхан тодорхойлолт орхигдуулдаг нь харамсалтай.  

Энэ бол маш том сургамж. Ер нь би нэлээд хэдэн тендерийн үнэлгээнд оролцож байсан хүний хувьд хэлэхэд манайхан юманд их хайнга ханддаг.

Тиймээс аливаа салбарыг хөгжүүлье гэвэл хүмүүсийн сэтгэхүй, хандлагыг л өөрчлөх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.