У.Пүрэвжав: Замын чанар зураг төслөөс хамаарна
Монголын авто замны зураг төсөлчдийн холбооны тэргүүн У.Пүрэвжавтай ярилцлаа.
-Авто замын салбарт нийт 200 гаруй стандарт мөрдөгддөг. Зураг төсөлгүйгээр зам барих талаар дурсаад ч хэрэггүй. Стандартыг өөрчлөх шаардлагатай гэж зарим мэргэжилтнүүд үздэг. Таны бодлоор өөрчлөх шаардлагатай юу?
Зураг төсөлтэй холбоотой тооцоо хийдэг дүрэм журам, заавар бий. Зураг төслийг зүгээр нэг замын инженер хийхгүй. Зураг төсөлчин хүн бол нарийн мэдрэмжтэй, байгаль цаг уурын нөхцөл, газар орон нутгаа мэддэг байх ёстой.
Тооцоо нь асар чухал. Зам барих нь нэг талаар экологио эвдэж, өөрчилж байгаа гэсэн үг.
Далангаа хэрхэн барьж төлөвлөхийг зураг төслийн хүн л анхнаас нь зөв шийдвэл сайн зам баригдана.
Харамсалтай нь манай дарга нар даварчихсан. Зам их ашигтай бизнес гэж хошуурч, зураг төслийг журмуудыг өөрчилж өөрсөддөө тусгай зөвшөөрлий авч, компанитай байгуулсан.
-Авто замын салбарт мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байна гэж шүүмжилдэг?
Мэргэжлийн бус хүмүүс энэ салбарт орсноор замыг зам биш болгож байна.
Замын чанар зураг төслөөс шалтгаална. Би авто замын зураг төслийн салбарт 34 жил ажиллаж байхдаа долоон жилд нь яамны дэд бүтцийн хяналтын албанд байсан. Хэн нь ямар зам бариад яаж мөнгө идсэнийг нь бүгдийг нь мэднэ. Энэ салбарыг мөнгө хэт харсан дарга нар уруудуулж байна.
Зам тээврийн яам
Зураг төслийг хялбар гэж ойлгодог хүмүүс их байна. Гайхмаар нь тэд богино хугацаанд асар өндөр үнэтэй тендерийг авч чаддаг. Мэргэжлийн хүмүүс үүнд их шүүмжлэлтэй ханддаг.
Одоо би гэхэд 13 жилийн өмнө баригдсан 118 км замыг дахин сайжруулах ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлээд явж байгаа юм. Эндээс харахад тухайн үед тэр замыг барьсан гурван компаний хийсэн зураг, тооцоо буруу байгааг илрүүлсэн. Бараг л анхны мэдэгдэхүүнгүй хүмүүс зурсан байгаа юм. Бид нарын үед таван жил ажиллаад мэргэжил дээшлүүлэх сургалт явдаг байсан. Одоо диплом авсан л боллоо гээд сургалтыг орхиж байна. Бүр зарим нь сургалтаас ч айдаг.
-Чадваргүй, мэргэжлийн бус компаниудад хэн тусгай зөвшөөрөл өгч байна вэ.
Хуучин бол барилгын агентлаг өгч байсан. Харин одоо зам тээврийн яам өгдөг болсон. Тусгай зөвшөөрөл өгдөг хүмүүс нь өөрсдөө бараг нэг ч удаа зураг зурж үзээгүй. Мэдээж дарга нар өөрсдийнхөө компаний үйл ажиллагааг ногоон гэрлээр явуулах гэж мэргэжлийн бус хүмүүсийг тавьж байгаа нь ойлгомжтой.
Тусгай зөвшөөрөл өгдөг хүмүүс нь өөрсдөө бараг нэг ч удаа зураг зурж үзээгүй.
-Замын чанар зураг төслөөс хамаарна гэсэн. Энэ талаар ярихад тулгамдсан асуудал юу байгаа вэ?
Замыг барихад бүтээцийг өөрчлөх шаардлага одоо тулгарч байна. Хатуу хучилттай бол хатуу хучилттай л байх ёстой, норм дүрмийг нэгтгэх хэрэгтэй. Одоо мөрдөгдөж байгаа норм дүрэм муйхар шинжтэй байгаа.
Бүтээцийг өөрчлөхгүйгээр сайн зам баригдана гэсэн ойлголт байхгүй. Өнөөдөр Улаанбаатарт ямар их үнэтэй зам барьж байна. Гэтэл хавар гэхэд хагарчихдаг. Бүтээц нь муу байгааг л харуулж байна. Би бүтээцийн орцоо өөрчил гэсэн шаардлага тавьж байгаа ч хүмүүс сонсохгүй байгаа.
Би Монголын автозамын анхны далан хөрс, яаж бэхжүүлэх вэ, яаж бүтээцийг бий болгох вэ гэсэн судалгааг ганцаараа хйиж, шинжлэх ухаанд их хувь нэмэр оруулсан. Миний тэр орцоор хийсэн зам өдгөө хорин жил болоход ганц ч хагараагүй байна.
1990-1992 онд ашиглатад орсон Ховд аймгийн 16,2 км замыг миний бүтээцээр барьсан. Гэтэл энэ жил наадмын өмнө баригдсан 22-ын товчооны зам өнөөдөр хагараад нөхөөд явж байна. Энэ юу гэсэн үг вэ. Нэг жил ч болохгүй байна шүү дээ.
Тэгэхээр нэн түрүүнд бүтээцээ өөрчилж,хольцны нормыг монголын онцлогтоо тохируулах хэрэгтэй.