2013.09.12

Г.Батхүү: Хөдөлгөөний аюулгүй байдлаас үүдэлтэй нас баралтаар дэлхийд гуравт орж байна

“Замын хөдөлгөөний аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Батхүү, М.Батчимэг нар санаачлаад байгаа. Тиймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд эрх зүйн орчны өөрчилж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор уг хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

Хэлэлцүүлэгт оролцогсод “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл, шалтгаан", “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх хууль зүйн шинэчлэлийн бодлого”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудал”, “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх тогтолцоог шинэчлэх нь” зэрэг сэдэвт илтгэлүүд сонсож, санал бодлоо хуваалцлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Батхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эрх зүйн өөрчлөлт шинэчлэлтийг хийхийн тулд ямар гаргалгаа байна вэ?

Хүүхдийг багаас нь буюу цэцэрлэг, сургуулийн наснаас нь замын хөдөлгөөний мэдлэгтэй болгож, аюулгүй байдлын дүрмийг баримтлуулж сургах хэрэгтэй.

-Одоогийн мөрдөгдөж байгаа олон хууль, эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлагатай. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг намрын чуулганд оруулж хэлэлцүүлэх бодолтой байгаа. Монгол Улс замын хөдөлгөөний аюулгүй байдлаас үүдсэн нас баралтын тоогоор дэлхийд гуравт орж байна.

Тэр дундаа хүүхэд багачууд осолд өртөж байгаа. Үүнтэй холбоотойгоор хууль эрх зүйг шинэчлэх хариуцлагажуулах тал дээр аль аль нь анхаарах ёстой. Замын хөдөлгөөний аюулгүй байдал гэдэг бол хөдөлгөөнд оролцож байгаа зөвхөн жолооч нарын асуудал биш юм. Явган зорчигчдод ч хамаатай.

Хүүхдийг багаас нь буюу цэцэрлэг, сургуулийн наснаас нь замын хөдөлгөөний мэдлэгтэй болгож, аюулгүй байдлын дүрмийг баримтлуулж сургах хэрэгтэй.

Замын хөдөлгөөний аюулгүй байдал гэдэг зорчигч, жолоочийн хариуцлагын асуудлаас гадна тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалтай холбоотой. Мөн автозамын эвдрэл хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн аюулгүй байдалд нөлөөлдөг. Энэ тал дээр хэрхэн анхаарах вэ?

-Бид зөвхөн замын хөдөлгөөний аюулгүй байдал гэхээс урьдаар хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд тэдгээрийн стандартыг анхаарах ёстой. Манайх дэлхийн олон конвенцид нэгдэн орсон орон. Тэгэхээр тухайн конвенциудын шаардлагыг хангасан тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулдаг байх асуудлыг бид ярих ёстой.

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 150 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Тээврийн хэрэгслүүдийг хязгаарлах тухай асуудал ч яригдаж байгаа. Жишээлбэл, буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгсэл нийт тээврийн хэрэгслийн найман хувиас хэтрүүлбэл хөдөлгөөний аюултай байдалд хүргэдэг гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа бий. Энэ тал дээр аль болох олон хүний эрх ашгийг хөндөхгүй байхаар тусгана.

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 150 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна.

Замын эвдрэлээс болоод тээврийн хэрэгсэл маш ихээр осолддог. Тээврийн хэрэгслийн осол гэмтлийн судалгаа шинжилгээний мэргэжлийн баг бий болгож, улмаар төрийн бодлогод нөлөөлж, шинжлэх ухааны үндэслэлтэй цааш нь авч явах хэрэгтэй. Тэгэхгүй бол өнөөдөр амьдралаас хол судалгаа гарч байгаа.

Тухайлбал, нийт ослын 0.4 хувь нь замын нөхцөл байдлаас гардаг гэсэн дүн бий. Автозам өндөр хөгжсөн дэлхийн улс орнуудад үүнээс дээгүүр үзүүлэлттэй байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр манайх замын хөдөлгөөнөөс үүдсэн зөрчлөө бүрэн судалж чадахгүй байгаагийн илрэл.

-Гадаадын улс орнуудад тээврийн хэрэгслийн оношилгооны төвийг хувийн хэвшлийнхэн авч явдаг юм билээ. Ингэснээр хариуцлагын тогтолцоо нь өндөр байдаг гэсэн. Харин манайд бол эсрэгээрээ. Оношилгоонд орсон тээврийн хэрэгслүүд осол аваар гаргах нь ямар байх вэ?

-Техникийн бүрэн бүтэн байдлаас үүдэн осол маш бага гардаг гэсэн судалгаа бий. Гэтэл оношилгоонд орсон тээврийн хэрэгсэл ХЭДХЭН хоногийн дараа зөрчил гаргадаг. Харин оношилгоонд ороод хөдөлгөөнд оролцох эрхийг нь олгосон байгууллага төрийн байгууллага учраас хариуцлага хүлээдэггүй.

Тэгэхээр цаашдаа энэ оношилгоог хүртэл хариуцлага хүлээх чадвартай тийм хувийн хэвшилд шилжүүлж, хариуцлагаа өөрсдөө үүрдэг, түүнийхээ төлөө шударга ажилладаг тийм тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай.