Р.Онон:  Авто замын тухай хуулийн 40-50 хувьд нь шинэчлэл хийж байна
Зам тээврийн яамны ажлын хэсэг
2013.10.01

Р.Онон: Авто замын тухай хуулийн 40-50 хувьд нь шинэчлэл хийж байна

Зам тээврийн яам Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Ононтой авто замын салбарын хөгжилд ямар бодлого барьж байгаа талаар ярилцлаа.

-Авто замын салбар өмнөө маш том зорилт тавьсан. Тухайлбал, 10,000 гаруй км хатуу хучилттай замын сүлжээг орчин үеийн шаардлагад нийцүүлэн ойрын арван жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах явдал юм. Энэ зорилт ямар шатандаа явж байна вэ?

Авто замын мастер төлөвлөгөө 2020 он хүртэл гэж байдаг ч яг засгийн газрын түвшинд батлагдаагүй. Харин шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны хөтөлбөр, ЗГ-ын 2012 оноос 2016 оны хөгжлийн мөрийн хөтөлбөр батлагдаад хэрэгжиж байгаа. Засгийн газрын хөтөлбөрийн дагуу бүх аймгийг хатуу хучилттай замд холбоно.

 Энэ засгийн үед 5300 км хатуу хучилттай замын ажил хийгдэх ёстой гэсэн тооцоо бий. Энэ жилийн хувьд нийт 3300 км зам баригдчихлаа. Гэрээгээр 2300 км зам ашиглалтад орох ёстойгоос тодорхой нөхцлүүдийн улмаас 1700 км замыг нь улсын ашиглалтад хүлээж авах бололцоотой. Салбарын хувьд энэ жил нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулал хийгдсэн. Сүүлийн дөрвөн жилийн үзүүлэлтээс 120 хувиар илүү үзүүлэлт юм.

Замын хувьд 2010-2012 онд 1400 км замыг улсын ашиглалтад оруулж байсан. Гэтэл 2013 онд нэг жилийн дотор 1700 км авто зам оруулсан нь их ажил хийгдсэн нь харагдана.

Салбарын хувьд шинээр 9000 орчим хүн ажилтай болсон. 5000 орчим хүнд даацын машин тоног төхөөрөмжүүд оруулж ирсэн. Энэ нь түүхэнд байгаагүй том амжилт.

-Ер нь авто замын салбарын чадавхийг бэхжүүлэхийн тулд хөндлөнгийн хамтрагч талуудаас ямар дэмжлэг шаардлагатай байгаа вэ?

Өнгөрсөн онд нэг км замын өртгийг нэмэгдүүлэх асуудлыг ярьсан.  Үүний тулд бид өөрийн оронтой ижил орнуудыг судалж, хийцийг өөрчлөх шаардлагатай гэдгийг мэдсэн. Тухайлбал битумын орцыг өөрчлөх гэх мэт. Ингээд тооцоход 800 саяас 1 тэрбум төгрөг болсон.

Энэ жилийн хувьд ихэнхи хөрөнгө бондын мөнгөнөөс гарсан учир хуучин хийцээрээ явахаар болсон. Ирэх жил төсөвт өртгийг дахин тооцно.

Салбарт нийт мэргэжилтэй 2010, туслах 4020 ажилчид, нийт 7050 ажилчид ажиллаж байна. /2012 он/

Төсөвт өртөгт замчдын цалин, машин механизмын үнэлгээ ордог. Машин механизмын үнэлгээг шинэчлэх шаардлагатай байгаа. Бид битум, замын тоног төхөөрөмжийг ихэвчлэн Орос, Хятадаас авдаг байсан бол одоо гуравдагч орон Солонгос, Японоос авч байна.

Мөн дэвшилтэт технологи, тооцооны аргачлалуудыг авсан. Түүнчлэн салбарын хэмжээнд 500 орчим хүнийг сургаж, шууд ажилтай болгосон.

-Хувийн хэвшлийг сайжруулахын тулд ямар ажил хийж байна вэ?

Авто замчдын холбоотой хамтарч ажиллах санамж бичгийн хүрээнд салбарын ажилчид, тоног төхөөрөмж, шинэ технологийн чиглэлээр ажиллаж байна. Түүнчлэн Дэлхийн авто замын холбоо, Япон, Солонгосын авто замын холбоодтой хамтарч ажиллаж байгаа. Салбарын чадавхийг бэхжүүлэхийн тулд км замын өртөг 450 сая төгрөг байсныг дунджаар 530 сая төгрөгөөр тооцож бодож байна. Цаашдаа бид чанартай, эдэлгээ урттай замыг бий болгохын тулд үнэлгээр өсгөх шаардлагатай гэж үзэж байгаа.

-Замын хучилтын стандарт, норм дүрмийг өөрчлөх шаардлагатай хэмээн зураг төсөлчид хэлдэг. Энэ тал дээр ямар нэгэн өөрчлөлт хийх үү?

2000 оноос өмнө СНЕП буюу Оросын норм дүрмийг орчуулж мөрдөж байлаа. Гэхдээ өнөөдрийн түвшинд замын олон улсын төсөл хэрэгжих болсонтой холбогдуулаад Америкийн стандартыг нэлээд мөрдөж байгаа. Зураг төслийн компаниудаас тийм санал ирээгүй байх.

Америк стандарт нэвтэрснээр зургийн инженер, талбайн инженер оролцох тааламжтай нөхцөл бүрдсэн. Өнөөдөр манай улсад нэн түрүүнд хурдны замын стандартыг нэвтрүүлэх шаардлагатай.  Ирэх жил хурдны замын стандартыг боловсруулахаар ажиллаж байгаа.

Замыг дээрээс нь тооцоод доороос нь барьдаг. Барилгыг дээврээс нь тооцдогтой адилхан.

Хөдөлгөөний эрчмээ тооцож, зураг төслөө зохиодог. Хотод л их байгаа болохоос биш, хөдөө бол эрчим бага байгаа. Манай улсын хувьд хамгийн ашигтай хувилбар нь транзит тээвэр. Орос, Хятадын холбосон босоо тэнхлэгийн зам хамгийн ашигтай. Ингэснээр зам ашигласны төлбөр хурааж, түүгээрээ засвар, арчлалтаа санхүүжүүлээд явах боломжтой.

-Авто замын хуулийн шинэчлэлийн асуудлаар мэдээлэл өгнө үү?

Авто замын тухай хуулийг 40-50 хувьд нь шинэчилж байна. Энэ намрын чуулганаар оруулах гэсэн боловч амжихгүй боллоо. Бид хуулинд хэд хэдэн бодлогын шинжтэй өөрчлөлтийг тусгасан. Нэгдүгээрт зураг төслийн экспедицийг мэргэжлийн байгууллага буюу салбарын яаманд хариуцуулдаг болгох, хоёрдугаарт хяналтыг нарийвчилсан, зөвлөх үйлчилгээг хэн хийх вэ гэдэг талаар тусгасан, гуравд нь авто замын засвар арчлалтын санг байгуулна.

Энэ сан нь өнөөдөр зам баригдлаа, маргаашнаас нь арчлаад явдаг байх ёстой. Дөрөвдүгээрт нь: Орон нутгийн, улсын чанартай гэсэн ангилалд нийслэлийн авто замыг нэмж оруулж байгаа. Тавдугаарт нь замын ачаалал, даацын хэмжих талаар заасан. Их хэмжээний даацтай машин, тоног төхөөрөмжийг яамнаас зөвшөөрөл авах нөхцөлтэй болгоно. Дараа нь уул уурхайн замуудын бодлогыг тодорхой оруулж өгсөн.

-Зам засвар арчлалтын санг шинээр бий болгоно гэлээ. Ер нь арчлалтын хөрөнгө жил бүр бага хэмжээтэй төсөвлөгддөг гэсэн хэл ам гардаг. Энэ жилийн хувьд ямар байдлаар шийдсэн бэ?

Өнгөрсөн жил Азийн хөгжлийн банктай хамтарч судалгаа хийхэд монгол улсын хэмжээнд 30 тэрбум төгрөгний засвар, арчлалт шаардлагатай гэж гарсан. Гэхдээ их хурлаас 19 тэрбум болгоод л хасчихдаг. Тиймээс бид хуулиндаа тусгаж өгөх нь зүйтэй гэж үзээд байгаа.