Н.Адилбиш: 10 км зам засах мөнгөөр 100 км замыг засч, арчил гэдэг
Авто замын зөвлөх инженер, төслийн зохицуулагч Н.Адилбиш
2013.10.09

Н.Адилбиш: 10 км зам засах мөнгөөр 100 км замыг засч, арчил гэдэг

Авто замын зөвлөх инженер, төслийн зохицуулагч Н.Адилбиштэй авто замын засвар арчлалт болон замын эвдрэлд юу нөлөөлдөг талаар ярилцлаа. Тэрээр авто замын салбарт 33 жил ажилласан туршлагатай хүн.

-Та энэ салбарт гучин гурван жил ажиллаж байгаа туршлагатай хүн. Зөвлөх инженер хүний хувьд улсынхаа авто замын салбарын хөгжилд тулгарч буй бэрхшээлийг юу гэж хардаг вэ?

Авто замын салбар үүсч хөгжөөд өдгөө 85 дах жилдээ золгож гэж байна. 2014 онд 85 жилийн ой нь тохионо. Бүхэл бүтэн түүхтэй салбарын тухай зурвасхан ярих нь хэцүү.  

Үндсэндээ, авто замын салбарын оргил үе нь ардчилал гарснаас хойшхи хориод жилийн хугацаанд өрнөсөн гэхэд болно. Гэхдээ 1990 оноос өмнөх долоон жилийн хугацаанд Авто замын газар байгуулагдаж, тодорхой бэлтгэж шат хийгдэж байсныг хэлэх хэрэгтэй.

Ардчиллын эхний үед ч юун зам манатай, өнөөдрийн хоол унд, картын бараанаас хэрхэн салах вэ гэсэн сэтгэхүй зонхилж байсан. Хамгийн эрчимтэй хөгжлийн үеийг 1995 оноос гэж тооцох нь зүйтэй. Өнөөг хүртэлх 18 жилийн хугацаанд үсрэнгүй хөгжсөн гэхэд болно. Гэхдээ орчин үеийн шаардлага, стандартын үүднээс харахад дутагдалтай зүйл бий.

Өндөр хөгжсөн улс орнуудын 1800 жилийн авто замын салбарын хөгжилтэй, бидний 18 жилийн түүхийг харьцуулахад бид бас гавьяатай.

Ард түмэн, замчид, төр засаг гавьяа байгуулсан. Үүнийг хаана ч хэлэх ёстой. Замын үсрэнгүй хөгжлийг электроникийн салбарын хөгжилтэй харьцуулах мэт ойлгож болохгүй. Зам өөрөө барилга, байгаль орчны онцгой нөхцөл шаарддаг онцлогтой, төвөгтэй салбар. Зургаан сар нь бэлтгэл хийж, зургаан сар нь нойр хоолгүй зүтгэдэг салбар.

-Та 17 жил хөдөө орон нутгийн зам, засвар арчлалтын компанид ажилласан. Ер нь салбарын мэргэжилтнүүдтэй уулзаад явж байхад зам, засвар арчлалт муу байгаа талаар их ярьдаг. Яг юунаас болоод ийм байдал үүсээд байдаг вэ?

Би Төв аймгийн Авто замын засвар арчлалт /АЗЗА/ ТӨХК-д ерөнхий инженерээр 17 жил ажиллаад ирсэн. Тухайн үед өөр нэртэй газар байлаа. Дараа нь Авто замын газар зургаан жил хэлтсийн даргаар ажилласан. 2004-2010 он дуустал Эрдэнэт, Булган, Хэнтийн чиглэлд 146 км зам барьсан.

Зам өнөөдөр ашиглалтад орсон бол маргааш нь засвар арчлалт эхлэх ёстой. Барилга байшин бол баригдсанаас хоёр, гурван жилийн дараа засаад явж болдог. Гэтэл зам өдөр бүр динамик ачаалал авч, хүнд хэцүү цаг агаарын нөхцлийг туулдаг. Нэг нүх гарсан л бол дор нь засах ёстой. Нийслэлийн хэмжээнд зам арчлалт хэр байдгийг би сайн мэдэхгүй.

Харин хөдөө орон нутгийн замын тухайд ярихад  АЗЗА муу байгаа. Бараг

Өвөрхангай аймгийн Сангийн далай нуур хүрэх замд

эзэнгүй шахуу байна. Үүнд жил бүр төсөвлөгддөг АЗЗА-ны мөнгө хөрөнгө хаанаа ч хүрдэггүй нөлөөлдөг. Тухайлбал 100 км замын арчлалтад өгч буй улсын төсөв нь үсрээд аравхан км замыг засах дайны л мөнгө байдаг. Замын засвар арчлалтыг жижигхэн нүх бөглөж, хагарлыг нөхсөн, хугарсан шонг зассан байдлаар ойлгож болохгүй.

Хар замуудыг ашиглалтад орсноос хойш 4-6 жилийн дараа ээлжит засварыг хийх ёстой. Технологийн горимоороо дунд хугацааны засварыг хийнэ гэсэн үг. Энэ үеэр 2-3 см өнгөлөлтийг хийж өгдөг. Одоо манай улсын нийт авто замын сүлжээний ихэнх замуудын 70-80 хувь нь ээлжит засвар хийх  хугацаа нь аль хэдийнээ өнгөрчихсөн. Ээлжит засварыг хийхгүй байгаа нь хөрөнгө мөнгө, бодлоготой л холбоотой.

Гадны орнуудын зам гялгар хар, цагаан зураас нь өнгөө алдахгүй хэвээрээ байдаг нь дунд хугацааны засвар болон засвар арчлалтыг сайн хийдгийг илтгэж байгаа юм. Гэтэл бид сэмэрсэн дээлэнд нөхөөс тавих хэмжээний л ажиллаж байна. Би Эрдэнэ, Булганы хооронд 53 км зам тавьсан. Өнөөдрийн байдлаар нэг ч нүх гараагүй байгаа нь технологийн горимоо хатуу чанга барьсанд л байгаа юм.

-Ээлжит засварыг хийх бодлого барихгүй байгаа гэж үү?

Хийх шаардлагатайг мэдэх ч хүсэхгүй байгаа. Нэг талаар засварын ажил нэр хүнд муутай учраас би ийм шинэ зам тавьж, төчнөөн км зам тавьлаа гэж дарга нар ярих хүсэлтэй юм болов уу.

Нэгэнтээ би салбарын асуудлыг ярьж байгаа учраас нэг зүйлийг заавал ярих ёстой. Энэ бол шахаа, шахалтын асуудал.

Замын ажил байгаль цаг агаарын нөхцөлтэй уялддаг учраас заавал ч үгүй тааламжтай үед нь барихгүй бол чанарын доголдолд хүргэдэг. Өнөөдрийн байдлаар орон нутгийн чанартай 1 км замыг 500 сая төгрөгөөр бариулж байгаа. Хоёр зам нь нэг тэрбум төгрөг болно. Энэ бол асар их мөнгө. Сарын сая төгрөгийн цалинтай хүний 1000 жилийн цалин. Зам ийм л өндөр үнээр босч байдаг атал технологийнх нь дагуу аль болохоор норм нормативыг барьж, зөв бариулах хэрэгтэй.

-Авто замын компаниудын зүгээс хотын замыг 20 хоногийн дараа гэхэд хүлээлгэж өг гэх шаардлага тавьдаг. Технологийн горимыг зөрчсөн шаардлагыг тавих асуудлыг их ярьдаг. Энэ нь цаанаа хөрөнгө мөнгөнд үрэлгэн хандаж, чанаргүй зам тавих эхлэлийг үүсгэж байна гэж ойлгох болох уу?

Энэ жилийн хувьд нийслэлийн зам харьцангуй эрт эхэлсэн. Харин хөдөө орон нутгийн зам оройтсон. Тендерийг оны өмнө зарлачихсан бол дөрөв, таван сар гэхэд орон даяар замд гарах боломжтой байсан. Гэтэл 7 сарын 1-нд ажилдаа гарч, нүүсээр байгаад бараг 8 сар гэхэд зам тавьсан. Зохион байгуулалтаа буруу хийчихээд замынхаа ажлаа хийсэнгүй, чанаргүй байна гэх зэргээр шүүмжилдэг нь зохисгүй. Бушуу туулай борвиндоо баастай гэж үг бий. Шахаж шамдуулсан, яарч хийсэн ажил заавал нэг ноотой үлддэг. Ялангуяа гүүр хоолойны ажилд их нарийн хугацаа шаарддаг. Цутгасан бетоны бэхжилтийн хугацаа 28 хоног байдаг юм. Ингээд л бодоход хаа, хаанаа бодолцох хэрэгтэй.

Шахаж шамдуулсан, яарч хийсэн ажил заавал нэг ноотой үлддэг.

Гэхдээ одоо Зам тээврийн яамнаас барьж яаравчлуулахаас илүү чанарыг нэн түрүүнд тавьж байгаа нь сайшаалтай.  Нөгөөтэйгүүр чанартай зам барьж байна гээд удаад байвал бас хэцүү. Тиймээс уян хатан зохицуулах хэрэгтэй.

Улаанбаатарын нэг зам эхэлсэн л бол хүчээ хаяж богино хугацаанд тавьж дуусахгүй бол замын түгжрэл их хэцүү. Тиймээс энэ жил Нийслэлийн авто замын газар болон монголын замчид түүхэндээ байгаагүй их ажлыг хийсэн. Гудамж төслийг би сайшаадаг. Урд нь яагаад тавин жилийн турш энэ асуудлыг яриагүй юм бэ. Энэ жил 33 уулзвар төлөвлөснөөс 20 уулзварыг нь хийчихлээ шүү дээ. Одоо үлдсэнийг нь ирэх жил дуусгачихна. Амжилттай зүйл олон байна.

-Та “Монгол орны авто зам ба цөлжилт” сэдвээр илтгэлийн уралдаанд түрүүлсэн. Цөлжилтийн асуудал авто замд хэрхэн нөлөөлж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

Монгол улс бол эх газрын хуурай уур амьсгалтай. Социализмын үед

Монгол орны замаар нийтдээ 200-гаад машин өдөр бүр ямар нэг хэмжээгээр явж байдаг. /Н.Адилбиш зөвлөх инженерийн судалгаанаас. 2013 он /

хэдхэн машинтай учир замын шаардлага байгаа юм уу хэмээн Оросууд басамжилдаг байсан. Гэтэл одоо хөдөө орон нутагт олон салаа шороон зам бэлчээрийг талхалсан. Үүнээс гадна замын тоос нь цөлжилтийг гол үүсгэдэг хүчин зүйл болдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Ургамал мод нарны гэрлийг синтетик байдлаар авч, тэжээгдэн, ус чийгээрээ ургадаг. Гэтэл нарийн тоосонцор нарны гэрлээс тэжээл авах боломжийг хааж, тоосонцрын бүрхүүл үүсгэдэг. Ингэснээр ургамал, мод бут сөөг амьдрах чадваргүй болдог. Харин шарилж тоосоор үрждэг учир хотоор дүүрэн хогийн ургамал байдаг нь ийм учиртай. Тиймээс энэ асуудлыг шийдэх нэг гарц нь хатуу хучилттай зам юм.