Дүрэмт хувцасыг 130 гаруй үндэсний үйлдвэрлэгч урлаж байгаа
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж энэ жил хичээл эхлэх үеэр сурагчийн дүрэмт хувцасыг монгол хонины ноосоор хийж зарж байна гээд бөөн юм болсон. Сүүлд нь гишүүдэд дүрэмт хувцас үйлдвэрлэдэг компаниудаас танилцуулга ирсэн.
25-45 мянган төгрөгөөр форм худалдаж авдаг байсан чинь 120-150 мянган төгрөг болчихлоо. Чанаргүй юм хийчихлээ гэсэн шүүмжлэлүүд гарсан. Монгол хонины ноосыг хаана боловсруулаад сурагчийн дүрэмт хувцас болгочихсон юм бэ. Тэр үйлдвэрийнхээ нэрийг хэлж өгөөч. 25-45 мянган төгрөг байсан сурагчийн хувцас 120-150 төгрөг болсон гэдэг үнэн үү.
Тавантолгойн хувьцааг мөнгөжүүлэх асуудлыг хэзээ ярих юм бэ. 1072 хувьцааг эзэмшигч гээд Хүний хөгжил сангийн дэвтэр дээр нь иргэдэд бичээд өгчихсөн байгаа. Одоо бичилтээс өөр юмгүй болох нь. Энийг мөнгө болгож монгол хүнийг баяжуулна гэсэн амлалтаа Засгийн газар хэзээ биелүүлэх гэж байна “гэсэн асуултад тодорхой хариулт авахыг хүслээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хариулахдаа:
“Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг дүрэмт хувцастай болгох асуудал Засгийн газрын санаачилгаар эхэлж байгаа асуудал биш. Улсын Их Хурал Боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2012 онд баталсан.
Энэ хуулинд загварын дагуу хийгдсэн дүрэмт хувцасыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өмсөнө гэж заасан. Энэ хуулийг хэрэгжүүлж ажиллахад хүүхдүүдийн өмсөх дүрэмт хувцасыг монголчууд өөрсдөө оёвол яасан юм бэ гэсэн санаачилгыг Засгийн газар гаргасан. Дүрэмт хувцасны загварыг нийслэлийн боловсролын газраас санаачлаад ерөнхий загвар гаргасан байгаа. Гэхдээ энэ бол хэн нэгэн баталсан загвар биш.
Үүнээс хонины ноос самнах 8 үйлдвэр, утас ээрэх 6 үйлдвэр, даавуу үйлдвэрлэхэд 2 үйлдвэр, оёмол хувцас үйлдвэрлэхэд 67, сүлжмэл хувцас үйлдвэрлэхэд 36 үндэсний үйлдвэрлэгч ажиллаж байна.
Гарсан загвараа аймаг нийслэлийн боловсролын газрууд батлаад энэ хувцасыг хэрэглэнэ гэсэн нэгдсэн шийдвэр гараад явж байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас авсан мэдээллээр дүрэмт хувцасыг үйлдвэрлэхэд нийтдээ 130 үндэсний үйлдвэрлэгч оролцож байна. Үүнээс хонины ноос самнах 8 үйлдвэр, утас ээрэх 6 үйлдвэр, даавуу үйлдвэрлэхэд 2 үйлдвэр, оёмол хувцас үйлдвэрлэхэд 67, сүлжмэл хувцас үйлдвэрлэхэд 36 үндэсний үйлдвэрлэгч ажиллаж байна.
Эдгээр 119 үндэсний үйлдвэрлэгчийн 39,4 хувь болон 47 үйлдвэрлэгч нь хөдөө орон нутгийн оёдлын үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгжүүд байгаа юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 1-3 дугаар ангийн сурагчдын дүрэмт хувцасыг оёж үйлдвэрлээд борлуулж дууссан байна.
Мэдээж монгол төмс хүртэл тарихад үнэтэй зарагддаг. Өнгөрсөн оны дотооддоо үйлдвэрлэж байсан хувцасны иж бүрдлийн үнэ бага ангийн эмэгтэй хүүхдийнх 31000 төгрөг байсан бол энэ удаагийн үйлдвэрлэлээр гарч байгаа хувцас нь 41000 төгрөг болж үнийн зөрүү нь 10000 төгрөг болж байна. Эрэгтэй хувцас 42000 төгрөгөөр гарч байсан бол одоо 62000 төгрөг байна. Хамгийн өндөр үнийн зөрүү бол ахлах ангийн эрэгтэй хүүхдийн хувцсан дээр байна.
Ахлах ангийн эрэгтэй хүүхдийн хувцас хуучин 85000 төгрөгөөр худалдаалж байсан бол одоо 108905 төгрөг байна. Үнийн зөрүү нь 23905 төгрөг. Нэг үгээр хэлбэл хэт их өндөр үнийн зөрүү гарлаа гэхээсээ илүү материал, оёдлын бодит үнэнд тулгуурлаж зарлага гарсан. Энэ үнийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам ч тогтоохгүй, манай яам ч тогтоохгүй. Оёж байгаа хүмүүс нь үнийнхээ саналыг хэлдэг. Харин бидний зүгээс чанартай хувцас нийлүүлэхэд хяналт тавьж ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна.
Энэ оны 11-р сард багтаан бүх сурагчийн дүрэмт хувцасыг хүүхдүүдэд хүргэнэ гэсэн зорилготой үйлдвэрүүд ажиллаж байгаа ч харамсалтай нь хуваарийнхаа дагуу ажиллаж чадахгүй болж байна. Дүрэмт хувцасаа худалдаж авч чадахгүй байгаа хэсэг дээр ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг дээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хамтран тодорхой тооны хүмүүст төлөвлөлт хийж байгаа гэлээ”.