300 гэр бүл чуулж байна
Чуулганд 21 аймаг, 9 дүүргийн 800 төлөөлөгч, үүнээс гэр бүлээрээ 300 гаруй хос оролцож байна
2013.10.14

300 гэр бүл чуулж байна

"Гэр бүлийн үнэ цэнэ-хөгжил шинэчлэл” үндэсний чуулганы үйл ажиллагаа хоёр дах өдрөө үргэлжилж байна.

Тус чуулганаар өчигдөр Үндэсний чуулганы хуралдаан таван салбар хэлэлцүүлэгээр эхэллээ. Чуулганд 21 аймаг, 9 дүүргийн 800 төлөөлөгч, үүнээс гэр бүлээрээ 300 гаруй хос оролцож байна. Чуулганы салбар хэлэлцүүлэгээр дараах асуудлыг хэлэлцсэн.

  • Гэр бүл-төрийн үүрэг оролцоо
  • Гэр бүл-ТББ-ын үүрэг оролцоо
  • Гэр бүл-ахмадын үүрэг оролцоо
  • Гэр бүл-залуучуудын үүрэг оролцоо
  • Гэр бүл-хүүхдийн эрх, оролцоо

Хэлэлцүүлгээр чуулганы төлөөлөгчид гэр бүлд суурилсан “Хүн амын цогц бодлого”-ын төсөлд, шинэчлэн найруулж буй “Гэр бүлийн тухай”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай”, “Хүүхдийн эрхийн тухай” хуулиудын төсөлд санал өгөх юм. Үндэсний хэмжээнд зохион байгуулагдсан “Гэр бүлийн үнэ цэнэ” үндэсний хэлэлцүүлэг болон гэр бүлийн чиглэлээр хийгдсэн судалгааны үр дүнг танилцуулж, гэр бүлийн гишүүдийн харилцаан дахь жендерийн тэгш байдал, хүнд нөхцөлд буй гэр бүлд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар нэг өдрийн турш хэлэлцсэн юм.

Харин өнөөдөр төрийн ордонд болж буй “Гэр бүлийн үнэ цэнэ-хөгжил шинэчлэл” үндэсний чуулганы нэгдсэн хуралдаанд салбар хэлэлцүүлгийн үр дүнг танилцуулна гэж Хүүхдийн төлөө үндэсний газрын Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.