УИХ-ын бие даагч гишүүд болох С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
2013.10.10

С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүд Лондонг зорьж ирэн мэдээлэл хийсэн. Тиймээс энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын бие даагч гишүүд болох С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэдний зүгээс “Оюутолгой”-н гэрээ хэлэлцээр, явц, тулгамдаж буй 30 асуудлыг олон нийтэд ойлгомжтой ил тод болгохыг хүсч байгаа бөгөөд тус гэрээнд заагдсан зарим заалтыг өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

 УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

“Дэлхийд томоохонд тооцогддог “Оюутолгой”-н гэрээг маш муу хийсэн. Миний хувьд татвартай холбоотой зарим зүйлийг хэлье. Хуулиар НӨАТ-ыг 10 саяас дээш борлуулалттай аж ахуйн нэгж байгууллагууд төлдөг. Харин Оюутолгой дээр алтнаас бусад бүх бүтээгдэхүүнд НӨАТ төлөхгүй болгосон. Мөн байгалийн нөөц ашиглалтын татвар буюу роялти татварыг таван хувиар 30 жилийн хугацаатай царцаасан байгаа. Гэтэл өнөөдөр Өсөн нэмэгдэх роялти татварын хуулийн дагуу “Эрдэнэт” үйлдвэр 13 хувиар төлж байх жишээтэй. Тэгэхээр энгийнээр үзэхэд таван хувь, 13 хувь хоёрын хооронд ямар зөрүү байгаа нь харагдаж байна. Түүнээс гадна Оюутолгойн гэрээний 2.12-т зааснаар аж ахуйн нэгжийн албан татвараас найман жилийн хугацаанд 100 хувь чөлөөлсөн маш муу заалт оруулсан байсан. Энэ мэтчилэн маш муу, ойлгомжгүй татварын хөнгөлөлтүүдийг эдлүүлж байна. Үүнээс харахад Монгол Улс татвараас олж болох маш олон боломжуудыг алдаж байгаа юм” гэв.

 УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

хэлэхдээ одоо өргөн баригдаад байгаа алт олборлолттой холбоотой хуульд алтны нөөц ашиглалтын хувийг бууруулах тухай заалт орсон. Энэ нь таван хувийн роялти татвар төлөхийг 2.5 болгон өөрчлөх тухай байгаа. Ингэж өөрчилж буй үндэслэлээ Оюутолгойн алтыг Монголд оруулж ирэх учраас гэж тайлбарлаж байна. Энэ юу гэсэн үг вэ. Өөрийнхөө алтыг өөрийн орондоо оруулахын тулд авах ёстой мөнгөө багасгана гэдэг байж болох асуудал мөн үү. Жишээ ярихад, ирэх жил Оюутолгой 30 орчим тонн алт олборлоно. Алтны одоогийн үнэтэй харьцуулбал бид алтнаас 1.5 тэрбум ам.долларын орлого олно гэсэн үг. Түүний таван хувь 75 сая ам.доллар болно. Үүний 2.5 хувь 37 сая ам.доллар. Тэгэхээр нийт орлогоос 37 сая ам.долларыг чөлөөлнө гэсэн үг. Мөн Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний 9.10.3-т бүтээгдэхүүний экспорт, борлуулалт, солилцооноос гадаад улсад олсон бүх орлогоо гадаад улсад хадгалах болон чөлөөтэй зарцуулна гэж заасан байгаа. Үүнийг өөрчлөхгүй бол бүх эрх мэдлийг гадаадын аль нэг улсад өгч байна гэсэн үг болохыг онцоллоо.

 УИХ-ын гишүүн С.Ганбаатар
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж хэлэхэд сэтгүүлч та бүхэн энэхүү мэтгэлцээнийг зохион байгуулж өгөөч хэлье

“Монголын талын төлөөллүүд “Рио Тинто” компанийн удирдлагуудтай уулзаж, хэлэлцэж байгаа. Гэтэл өмчийн эзэн болсон монголчууд энэ асуудлын талаар ямар ч мэдээлэл алга. Өөрөөр хэлбэл хоёр тал 30 асуудлын хүрээнд хэлэлцэж 15-ыг нь шийдсэн гэж ярьсан. Ямар 30 асуудал, ямар 15 асуудал зэргийг нь хэн ч мэдэхгүй байна. Тиймээс энэ асуудлыг ил тод болгож УИХ-аар хэлэлцээсэй гэж хүсч байна. Гадны мэргэжилтнүүд хүртэл Монгол Улс яагаад Оюутолгойн асуудалдаа ийм хайнга хандаад байгаа юм бэ гэж гайхаж байна. Манайх шиг өгөөмөр өглөгч улс хаана ч алга” гэсэн юм.

 Түүний дараа С.Ганбаатар гишүүнд Оюутолгойн асуудлаар С.Баярцогт гишүүнтэй дахин мэтгэлцэх үү гэсэн асуулт тавихад тэрбээр “Энэ асуудлаар С.Баярцогт гишүүнтэй дахин мэтгэлцэхэд бэлэн байна. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж хэлэхэд сэтгүүлч та бүхэн энэхүү мэтгэлцээнийг зохион байгуулж өгөөч хэлье” гэсэн хариултыг өгсөн юм.