Ц.Даваасүрэн: Төсөвт тодотгол хийх үндэслэл алга
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2013.10.09

Ц.Даваасүрэн: Төсөвт тодотгол хийх үндэслэл алга

Засгийн газраас 2013 оны төсөвт нэмэлт тодотгол хийхээр хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барилаа. Төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьд барих төсөл тухай хууль санаачлагчид онцолж байгаа юм.

Төсвийн бүх шатны байгууллагын ирэх сарын урсгал зардлыг бууруулан 240 шахам тэрбум төгрөг хэмнэх гэнэ. Үүний тулд санхүүжүүлэх арга хэмжээг ач холбогдлоор нь эрэмбэлж зардлын зүйл хооронд зохицуулалт хийх эрхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт олгохоор төсвийн тодотголд тусгажээ.

Түүнчлэн, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй, дэд бүтцийн болон газрын асуудал нь эцэслэн шийдэгдээгүй байгаа 490 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг дараа жил хэрэгжүүлэхээр хойшлуулах санал оруулжээ.

Төсөвт тодотгол хийх эсэхэд УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэе.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шалгуураар харвал тодотгол хийх үндэслэл харагдахгүй байна. Уг хуульд төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас давсан тохиолдолд төсөвт тодотгол хийж байхаар хуульчилсан байдаг.

Төсвийн алдагдал ДНБ-ий таван хувиас давсан тохиолдолд төсөвт тодотгол хийхээр хуульчилсан байдаг.

Гэтэл энэ оны эхний долоон сарын төсвийн гүйцэтгэлийг харахад төсвийн алдагдал 825 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн байхад харин ч 680 тэрбум төгрөгөөр сайжирч 145 тэрбум төгрөг болсон байна. Ийм тохиолдолд төсөвт тодотгол хийх хууль зүйн үндэслэл байхгүй.

Нөгөө талаар хямралыг давах арга зам бол төсвийн зарлагаа багасгаж бизнесийн идэвхжилээ бууруулж эдийн засгаа хөгжлийн хурдцаа саармагжуулах явдал гэж үзэхгүй байна.

Харин ч төсвийн зарлага, санхүүжилтээ аль болох бизнесийн салбартаа хийж, идэвхижүүлэх замаар тэдний борлуулалтыг нэмж татвараа нэмэх бодлогыг явуулах нь үр дүнтэй.