Ч.Улаан: Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд 200 тэрбумыг төсөвлөнө
Сангийн сайд Ч.Улаанаас 2014 оны төсвийн төслийн талаар тодрууллаа.
-Энэ онд эдийн засгийн тогтворгүй байдал бий болж төсвийн алдагдал ихэслээ. Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа энэ нөхцөл байдлыг бодолцсон уу. Ер нь төсвийн төслийг боловсруулахдаа ямар зарчим баримталсан бэ?
-2014 төсвийн төслийг боловсруулахдаа УИХ-аас баталсан Төсвийн хүрээний мэдэгдлийн гол зарчим, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг хангасан. Төсвийг боловсруулахдаа хуулийн дагуу дөрвөн үндсэн шаардлагыг хангасан байх учиртай.
Нэгдүгээрт, стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүний үнийн савлагаанаас ангид байх ёстой. Тиймээс төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн зарчмаар тооцсон. Хоёрдугаарт, төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас хэтрэхгүй байх ёстой.
Энэ шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа. Гуравдугаарт, төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах учиртай. 2014 оны төсвийн төслийн нэг онцлог нь зарлагын өсөлтийг өмнөх оны зарлагын өсөлтөөс нэмэгдүүлэхгүй байх зарчмаар боловсруулсан.
Дөрөвдүгээр зарчим бол дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хувь хэмжээг хуульд заасан хэмжээнд нь байлгах ёстой. Энэ үзүүлэлтээр тооцоо судалгаа хийж үзэхэд 2014 онд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байгаа.
Төсвийн орлогыг аль болох бодитой байх, эдийн засаг, санхүүгийн шаардлага хэрэгцээг хангасан байх зарчимд нийцүүлэхэд онцгой анхаарсан. Төсвийн орлогыг тооцохдоо шинэ татвар бий болгохгүй гэдэг хатуу зарчим баримталсан.
Өөрөөр хэлбэл, ирэх онд татварын хөнгөлөлт чөлөөлөлт бүхий бизнесийн таатай орчныг хадгалж үлдэнэ. Төсвийн зарлагыг хязгаарлах бодлого баримталсан. Төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр зарлагаа нэмэгдүүлдэг буруу жишгийг халах ёстой гэдэг зарчмаар төсвийн орлого, зарлагыг тооцож төлөвлөсөн.
Урсгал зардал өмнөх оноос тав орчим хувиар буурч төлөвлөгдөж байгаа. Төрийн байгууллагуудын бүтэц бүрэлдэхүүнийг нэмэхгүй байх зарчим баримталсан. Улсын төсвөөс өгч байгаа татаас, шилжүүлгийг одоо байгаа хэмжээнд нь хязгаарлахаар төлөвлөсөн.
Төсвийн алдагдлыг хоёр эх үүсвэрээр санхүүжүүлнэ гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, Засгийн газраас дотоодын зах зээлд үнэт цаас гаргах замаар санхүүжүүлнэ. Хоёрдугаарт, гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламжаар төсвийн алдагдлыг нөхнө.
-Гадаад өр, зээлийн хэмжээ одоогийн байдлаар хэдэд хүрсэн бэ. Ирэх оны төсөвт гадаадын өр, зээлийн төлбөрт хэдэн төгрөг зарцуулна гэж тусгасан бэ?
-Гадаад өр зээлийн хэмжээ одоогийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 45-47 хувьтай тэнцэж байгаа. Хандивлагч орнуудаас урт хугацаанд авч ашигласан хөнгөлөлттэй зээлүүдийн төлбөрийг хугацааных нь дагуу хийнэ.
Оюутолгойгоос авсан 250, Тавантолгойгоос авсан 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг ирэх оноос төлж эхэлнэ.
Энэ нь улсын төсвийн ачааллыг нэмэгдүүлэхгүй. Харин ойрын жилүүдэд ашигласан зээлийн урьдчилгаа төлбөрийг төсөвт суулгах асуудал бий. Тухайлбал, Оюутолгой, Тавантолгойн орд газруудын ашиглалтаас авсан урьдчилгаа төлбөрийг төлнө.
Оюутолгойгоос авсан 250, Тавантолгойгоос авсан 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг ирэх оноос төлж эхэлнэ. Нийтдээ 450 орчим тэрбум төгрөгийг улсын төсвөөс төлнө.
-Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд хэдэн төгрөг зарцуулах вэ?
-Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэх шаардлагатай. Үүнийг Засгийн газар сайн ойлгож байгаа. 2014 онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхдээ юмны үнийн өсөлт, хөдөлмөрийн бүтээмж, ажлын үр дүн, салбарын онцлогийг харгалзан үзнэ.
Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд зориулан улсын төсөвт 200 тэрбум төгрөг суулгасан. Ирэх онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхдээ тодорхой хугацаа, хувийг зарлахгүй. Өмнөх жилүүд шиг цалин нэмэх хугацаа, хувийг зарлавал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ гэж үзэж байгаа.