С.Бямбацогт: Их хурал нь Засгийн газрынхаа сайдуудын халааснаас гарч чадахгүй байна
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2013.10.07

С.Бямбацогт: Их хурал нь Засгийн газрынхаа сайдуудын халааснаас гарч чадахгүй байна

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.

-Баасан гаригийн чуулганд МАН-ын бүлэг орсонгүй. Ээлжит чуулганаа хүлээж тэвчихгүй ээлжит бус чуулганыг хуралдуул хэмээн шаардлага тавьж байсан хүмүүс яагаад чуулганыг орхисон юм бэ?

-Сар болгоны сондгой тоотой өдрийн баасан гаригийн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсдог. Ерөнхий сайд 25 минутад мэдээллээ хийдэг. Түүнийг мэдээллээ хийсний дараа цөөнхийн бүлгээс 25 минутад багтааж бүлгийнхээ санал, дүгнэлтийг хэлдэг.

Мөн цөөнхийн бүлгийн гишүүд мэдээлэл хийж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавих байдлаар чуулганы хуралдааныг үргэлжлүүлнэ хэмээн УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан байдаг. Харамсалтай нь баасан гаригийн хуралдаан Дэгийн тухай хуулийн заалтуудыг зөрчсөн. Ерөнхий сайд мэдээлэл хийхээсээ долоогоос доошгүй хоногийн өмнө энэ тухайгаа бичгээр мэдэгдсэн байх ёстой гэсэн хуулийн заалттай.

Гэтэл пүрэв гаригт мэдээлэл хийх асуудлууд нь бидний гарт ирж байгаа юм. Энэ мэтчилэн Дэгийн тухай хуулийн хэд хэдэн заалт зөрчигдөж байгаа тул бидний зүгээс чуулганы хуралдаанд суух боломж алга. Чуулганаар цаг үеийн тулгамдсан асуудлуудыг ярих нь зөв. Гэхдээ бид өөрсдийн үнэлэлт дүгнэлтийг өгч, өөрсдийн байр суурийг нийгэмд хүргэх боломж бололцоог бүрдүүлж өгөх ёстой. Гэтэл энэ боломжийг бидэнд өгөхгүй байна.

 -Танай намын зүгээс ирц хүрээгүй байхад чуулганыг явуулж байна гэсэн байна лээ?

-Чуулганы үеэр олонх буюу 39 гишүүний ирц бүрдээгүй байхад 26 гишүүнтэй хуралдаад, Ерөнхий сайд мэдээлэл хийсэн. Чуулганыг орхиод гарсан 13 гишүүний өмнөөс хий карт шургуулж байгаа. Тухайн гишүүн эзгүй байхад чуулган хуралдаж байгааг юу гэх вэ. Ийм байдлаар асуудал шийддэг тул гишүүд нь ч хариуцлагагүй хандаад сурчихсан. Өмнөөс нь картыг нь хийж ирц бүрдүүлээд товчлуур дарж саналаа өгчихдөг. Энэ нь Засгийн газрыг, Засгийн газрын гишүүдийг хэт том толгойтой байх боломжийг бүрдүүлж өгсөн. Үүнд цэг тавих хэрэгтэй.

-Хэн бүхний хамгийн ихээр хүсэн хүлээж байсан Хөрөнгө оруулалтын болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиуд батлагдлаа. Уг хууль хэр чанартай хууль болсон гэж үзэж байгаа вэ?

УИХ-ын ээлжилт бус чуулганаар хэлэлцэж эхэлсэн Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд үнэхээр ач холбогдол өгч байлаа.

-УИХ-ын гишүүд ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхэлсэн Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд үнэхээр ач холбогдол өгч байлаа. Эдгээр хуулиудад олонх цөөнх гэлтгүй нухацтай хандсан. Засгийн газраас өргөн барьсан хууль маань харамсалтай нь сайн хууль байгаагүй. Хөрөнгө оруулалтын тухай хуульд 80 орчим зарчмын зөрүүтэй саналын томъёолол гарсныг шийдвэрлэсэн. Харин Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд 200 гаруй зарчмын зөрүүтэй санал гарч шийдвэрлэгдсэн.

Үүнээс харахад нэгд нь 80, нөгөөд нь 200 гаруй санал гарч байгаагаас харахад хуульд засаж залруулах зүйлс их байжээ. Засгийн газраас түүхий, чанаргүй хуулийн төсөл өргөн барьсан нь харагдаж байгаа юм. Хөрөнгө оруулалтын тухай хуульд 15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн аж ахуй нэгж, байгууллагуудад татварын тогтворжилтын гэрчилгээ олгоно гэж заасан байсан. Манай орны хөрөнгө оруулагчид дотор 15 тэрбумын хөрөнгө оруулалт хийчих компани нь тун цөөн байгаа. Тэгэхээр олигарх гэж ярьдаг том компаниудад зориулсан хууль болох нь хэмээн ард иргэд шүүмжилж байсныг зассан.

Одоо бол бүс нутаг салбараасаа хамаарч хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл тогтворжилт олгоно гэж хуульд оруулж өгсөн. Энэ нь дундаж компаниудыг оролцуулах боломжийг бүрдүүлж өгч байгаа хэрэг. Улаанбаатараас алслагдах тусмаа бүр илүү хөнгөлөлттэй дэмжлэг үзүүлэх бололцоог бүрдүүлж өгсөн гэж ойлгож болно.

Ингэж бүс нутгийн ялгавартай болгож өгсөн нь том компаниудаас гадна дундаж компаниудыг дэмжиж чадлаа. Уг хуульд өөр нэгэн томоохон зүйл бий. Тэр нь гадаад, дотоод хөрөнгө оруулагч гэж ялгаварлахгүй хөрөнгө оруулалтын урамшуулал, татварын тогтолцооны тогтворжилтод хамрагдаж  чадахаар боллоо.

-МАН-ын бүлгийн зүгээс УИХ- ын дарга, Ерөнхий сайдуудад зарим салбарын сайдуудыг огцруулах, түүнд хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн шаардлагыг хүргүүлсэн. Пүрэв гаригт ахин шаардлага хүргүүллээ. Эдгээр сайдуудад арга хэмжээ авах хэмжээний цаг хугацаа өнгөрөөгүй гэсэн гишүүд байна лээ?

-Засгийн газар байгуулагдаад, шинэ сайдууд томилогдоод жил гаруйн хугацааг үдлээ. Нэг сар, нэг улирлын хугацаа өнгөрч байсан бол бид ажлыг нь дүгнэх арай болоогүй гэдэг байр сууринаас асуудалд хандаж болно. Гэтэл өнөөдөр үндсэндээ 400 гаруй хоног өнгөрчихлөө. Сайдуудын бүрэн эрхийн хугацааг дөрвөн жилээр яривал 1/4-ээ өнгөрөөгөөд байна.

Одоо ажлын үр дүн гарч эхэлсэн байх ёстой. Гэтэл тэдний амлаж байсан цалин тэтгэвэр өнөөдөр нэмэгдэв үү. Ноднин өдийд 1470 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш 1670 болж,200 төгрөгөөр өслөө. Валютынхаа ханшийг дагаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгааг тэд мэдэрч байгаа байлгүй. Ерөнхий сайд чуулган дээр мэдээлэл хийхдээ тонн нь 135 мянга байсан цемент 235 мянга болчихлоо гэсэн. Энэ нь НӨАТ- гүйгээр гарч байгаа дүн. Өнөө метр квадратыг нь нэг сая төгрөгт барина гэсэн орон сууцны үнэ нь найман хувийн зээл гарснаас хойш бүр нэмэгдчихлээ.

Уг нь энэ зээл гарснаар байрны үнэ бүр буурна гэж байсан биз дээ. Энэ мэтчилэн ярих асуудлууд их байна. Хэлээд байхад улам дордуулж, хүндрүүлээд байгаа асуудлууд байгаа тул энэ хүмүүстээ хариуцлага тооц. Бидний зүгээс болохгүй байгаа  зүйлсийг нь аль болох шахаж шаардаж байгаа юм. Харамсалтай нь Засгийн газраа УИХ нь хамгаалаад байна. Ийм байдлаар асуудалд хандаж байгаа нь эмгэнэлтэй санагдаад байгаа. Засгийн газар байгуулагдаад энэ оны төсвийг хийхэд бид оролцоогүй.

-МАН-ын бүлэг тухайн үед бүлгээ байгуулаагүйгээс төсөвт оролцоогүй биз дээ?

Цөөнхийг байнгын хороонд оруулахгүй, бүлгийг нь байгуулж өгөхгүй байсаар санал авалгүй төсөв, мөнгөний бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталсан. Өнөөдөр эрх барьж буй намын гишүүд гурван байнгын хороонд, харин ардын намын гишүүд нэг байнгын хороонд харьяалагдаж байгаа. Ийм байдлаар олонх нь цөөнхөө хүч түрсэн байдлаар яваад жил боллоо. Энэ хугацаанд гарсан үр дүн юу байна вэ. Яах вэ цөөхөн хэдэн ололттой зүйлүүд байгаа байх. Бүгдийг нь бид үгүйсгэхгүй.

Гэтэл ихэнх нь өмнөх түвшингээсээ  доошилсон. Тийм болохоор үүнийг нь ярихаас яах вэ? Өнөөдөр үүнийг УИХ-ын дарга, нам эвслийг бүрдүүлж буй удирдлагууд ойлгох ёстой. УИХ засгаа хамгаалаад байхаар Засгийн газрын гишүүд, сайдууд нь Ерөнхий сайдтайгаа нийлээд Засгийн газрынхаа толгой дээр гараад суучихдаг юм байна. Үүнээс болоод том толгойтой дарга, сайдууд улс орноо анхаардаггүй, хийх ёстой ажлаа хийлгүй өөр зүйл хийгээд яваад байдаг юм байна.

Улсын эдийн засаг муудаж, ард иргэдийн амьдрал доройтсоор байгааг анзаарах сөхөөтэй болох хэрэгтэй. Улс төрийн намууд УИХ- ын гишүүд хамгийн сүүлд дүнгээ тавиулна. Дараа нь сонгууль байдаг гэдгийг мартаад байгаа юм уу. УИХ-д нам эвсэл суудал авсан тоогоороо байнгын хороодын хуралдаанд оруулж санал өгдөг болгоё. Үүнийг шийдэж чадахгүй бол Үндсэн хуулийн Цэцэд хандана гэж бодож байгаа. УИХ-ын гишүүд ирц бүрдүүлэхдээ хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, хурууны хээгээр саналаа өгдөг болмоор байгаа юм. Уг асуудлыг цаашид шаардах болно.

Увсын хоёр болох Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын гишүүдийн талаар бүлгийн хурлаараа ярилцсан уу. Хоёр гишүүний суудал ганхаад эхлэх шиг боллоо ?

Журмын нөхдөө бид хамгаалж, хаацайлах үүрэгтэй. Гэхдээ буруутай зүйл хийсэн нь батлагдвал хамгаалахгүй. Увс аймгаас сонгогдсон хоёр гишүүн ард түмний олонхын саналаар илт давуу ялалт байгуулсан. Тийм болохоор сонгуулийн тойргийн хороо нь түр үнэмлэхийг нь өгөөд СЕХ түүнийг нь баталгаажуулж, УИХ-д тангараг өргүүлсэн. Түүнээс хойш маргаан гарсаар байсан.

Маргааныг шат шатны шүүхүүд авч хэлэлцэн ма- най хоёрыг буруутай гэсэн шийдвэр гаргаагүй байна. Тийм байхад яагаад ард түмний саналаар сонгогдсон хүмүүсийг УИХ-ын гишүүнээс татагдах ёстой гээд байгаа юм. Ард түмний саналаар сонгогдсоныг нь үл тоодог юм аа гэхэд шүүхийн шийдвэр ядаж гараагүй байгаа.

Шүүх буруутай гэсэн шийдвэр Гаргаагүй байхад яагаад уг асуудлыг яриад байгаа юм бол. Өнөөдөр ард түмний саналаар сонгогдсон хүмүүсийн саналыг ямар нэг хууль шүүхийн байгууллага засах ёсгүй. Тийм болохоор хоёр гишүүний тал дээр яриад байх зүйл байхгүй.

 -МАН-ын Их хурал удахгүй болно. Үүрүүдээс Их хурлын төлөөлөгч болохын тулд намын гишүүд би, чи дээ тулан ширүүхэн маргаантай байгаа сураг байна ?

Энэ бол зөв. МАН-ын гишүүдийн идэвх, намаа гэсэн сэтгэл хэр их байгаагийн илрэл. МАН улс орны хувь заяаг 90 жил нуруундаа үүрч ирсэн. Бодлогогүйгээр унтаж, босоод яваад байж болохгүй юм байна гэдгийг энэ хугацаанд харлаа. Үүнийг намынхан мэдэж байгаа болохоор идэвх нь сэргэж байна гэж ойлгоод байгаа.

2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулахын тулд өөрт байгаа хүч бололцоо тэр бүхнийг дайчлан өрсөлдөж байх шиг байна. Энэ нь манай намын эрүүл үзэгдэл юм.

-Та намынхаа хөгжлийн хөтөлбөрийн ажлыг ахалж байгаа. Хөгжлийн хөтөлбөрөө боловсруулж дуусав уу?

-1921 онд МАН байгуулагдаж байхдаа Монгол Улсыг хөгжүүлэх ёстой юм байна гэдгийг ярьж байжээ. Өнөөдөр Монгол Улсын хөгжлийн хөтөлбөр 2021 он хүртэлх хөтөлбөрийн ажлын хэсгийг ахаллаа. Түүхийн хуудсыг эргэн сөхөхөд тодорхой зорилго тавьдаг түүндээ хүрэхийн тулд явж ирсэн. Харамсалтай нь 2008 онд УИХ-аар баталсан үндэсний хөгжлийн цогц бодлогыг тухайн үеийн Засгийн газар нь тоохгүй явсан.

Шинэ засаг гараад ч мөн адил тийм л байна. Хэт их улстөржсөн байдал хөгжилд тушаа болж байна. Хөгжлийн бодлогыг ганцхан МАН гаргахгүй. Улс орон даяар ард түмнийхээ үгийг сонсох ёстой. Хөгжлийн хөтөлбөр бол эхний ээлжид гаргаж ирж буй санаанууд. Үүнийг цаашид баяжуулах хэрэгтэй.

-Шинэчлэлийн хорооны залуус УИХ дахь МАН-ын бүлгийг сөрөг хүчний байр сууриа хадгалж чадахгүй байна гэсэн шүүмжлэлийг хэлээд байгаа?

-Хүмүүс өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэх нь ардчилсан нийгэмд байдаг үзэгдэл. Үүнд хэн нэгнийг буруутган шүүмжлэх арга байхгүй. Энэ нь намынхаа сайн сайхны төлөө санаа зовсон хүмүүсийн үзэл бодол юм. Тэндээс бид авахыг нь авч, хаяхыг нь хаяж асуудалд хандана. Юм болгоныг жадлан эсэргүүцэх маягаар асуудалд хандахгүй.

-Таны нэр намын дараагийн даргын марафонд явж байгаа гэсэн. Энэ үнэн үү?

МАН-ын хамт олон хамтаараа ярилцаад шийднэ. Тийм болохоор одоо ямар нэгэн байр суурь илэрхийлэх шаардлагагүй.