Ц.Түмэн-Өлзий: Хятадад цагаан будааны талбайд нь очоод будаа бөөндье гэвэл уучлаарай монголчууд аа гэнэ биз дээ
Монгол шевро ХК-ын захирал Ц.Түмэн-Өлзийтэй ярилцлаа.
- Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудал юу байна?
Өнөөдөр яг түүхий эдийн их урсгалын зам дээр нь хятадуудыг байршуулчихсан байгаа. Хамгийн гол нь бидэнд ижил нөхцөл олгох ёстой. Хятадууд тэрбум төгрөгийн түүхий эд аваад үйлдвэрүүдээр хагас боловсруулалт хийлгээд экспортод гаргаж байна.
Ингэж бидний, үндэсний үйлдвэрлэгчдийн бололцоог ашиглаад, бизнес хийгээд гарч байгаа хүмүүсээс орлого нь мэдэгддэггүй гээд 6000 төгрөгийн татвар авч байгаа юм. Бид тэрбум төгрөгийн борлуулалт хийхээрээ 60 сая төгрөгийн татвар төлөх жишээтэй. Энэ бол онцгой анхаарах ёстой асуудал.
-Үүргийн наймаа хийж байгаа хятадуудаас үндэсний үйлдвэрлэлээ хамгаалахын тулд яах хэрэгтэй вэ?
-Тэднийг бидний эрх хэмжээнд ажиллах аж ахуйн нэгжийн статустай болгож, татварт бүрэн хамааруулах хэрэгтэй. Тэд манай улсын хуулийн бүх нүх сүвийг дээд зэргээр ашиглаж байна. Өнөөдөр хятадууд авсан арьсаа дутуу боловсруулж, дээд зэргийн химийн хүчтэй, хортой бодисоор зөвхөн үсийг нь зумлуулаад боловсруулсан нэртэй ачаад явчихдаг. Уг нь өнөөдөр манайд мөрдөж байгаа арьс ширийг бүрэн хагас боловсруулж байж экспортлох тухай Үйлдвэр худалдааны яам, Сангийн яамны хамтарсан 2003 оны тушаал мөрдөгдөж байгаа.
Тэнд заасан стандартаар бол зумлаад орхисон арьсыг гаргах ёсгүй. Хятадууд манай стандартыг зөрчиж байна. Экологид хамгийн хортой шатны боловсруулалтыг л манайд хийлгэчихдэг. Нэгэнт хамгийн эрсдэлтэй технологийг хийж байгаа болохоор манайх гүйцэд боловсруулж тэндээс олсон нэмүү өртгөөс нь тодорхой хожоо буюу нэмүү өртөг авах л хэрэгтэй.
-Монголд арьс ширийг бүрэн хагас боловсруулж экспортлох тухай Үйлдвэр, худалдааны яам, Сангийн яамны хамтарсан 2003 оны тушаал байдаг юм гэлээ. Тэгээд яагаад хятадууд стандартын хувьд гүйцэд боловсруулаагүй арьс гаргаад байна вэ?
"Эмээлт" дээр байгаа худалдаачдыг цэгцэлмээр байна
-Яахав дээ, авлига гэдэг зүйлээс болоод л хил гаалийнхан төрийн яамныхаа тогтоолыг биелүүлэхгүй, хагас боловсруулсан арьсанд нь бүрдүүлэлт хийж өгөөд байна. Үүнийг манай улсын бодлого хариуцаж байгаа хүмүүс анхаарах ёстой цаг болсон.
Хятадууд манай нутаг дэвсгэр дээр түүхий эд бэлтгээд, боловсруулаад, экспортолж байгаа нь цэвэр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа. Цэвэр ашиг олж байна. Тэгэхээр Гадаадын хөрөнгө оруулалттай ч гэдэг юм уу аж ахуйн нэгж болгож ашиг орлогыг нь тооцох хэрэгтэй. Дараа нь тэдний орлогыг тайлагная. Татварын газартай шууд харьцдаг болгоё.
Тэр цагт асуудал өөр болно оо. Ер нь бид Хятадад цагаан будааны талбайд нь очоод будаа бөөндөнө гэвэл ёстой бүтэхгүй асуудал болно биз дээ. Уучлаарай, монголчууд аа л гэнэ. Гэтэл тэд Монголд хөнгөн үйлдвэрийн салбарыг нь түлхэж хаячихаад, түүхий эдээр нь ашиг олоод наймаа хийх нь чөлөөтэй байгааг таслах хэрэгтэй.
Эхний ээлжинд "Эмээлт" дээр байгаа худалдаачдыг цэгцэлмээр байна. Ерөөсөө хятадуудыг түүхий эдийнхээ зам дээр биш манай мэт боловсруулалтын үйлдвэрийн хаалганы гадна дугаарлуулах тогтолцоо, зохицуулалт хэрэгтэй.
-Үүргийн наймаа хийгээд байгаа хятадуудыг аж ахуйн нэгжийн статустай болгохын тулд бодлогын байгууллагын зүгээс яах хэрэгтэй вэ. Ингэвэл л энэ салбарын хөгжил гольдрлоороо, хятадуудад хамаатахгүйгээр явчихаж болохоор байна гэж та салбарын хүний хувьд хардаг л байх?
-Манай төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу байна. Мэргэжлийн хяналт, мал эмнэлэг, итгэмжлэгдсэн лабораториуд тус тусдаа өөр ажил ярьдаг. Хоорондоо нэгдсэн ойлголтгүй. Хамгийн гол нь гаалийн байгууллага нь нэгдсэн бүрдүүлэлтийн зарчмаа барьдаггүй. Ийм байдлыг л хядад ченжүүд сурамгай ашиглаж байна. Тэгэхээр бодлого боловсруулж байгаа яам нэгдсэн бодлого гаргаж мөрдүүлэх хэрэгтэй. Зохицуулалтын координат хийхдээ хангалтгүй байна.
Үйлдвэр, худалдааны яам гэхэд хөнгөн үйлдвэрийн бодлого буюу мал аж ахуйн гаралтай үйлдвэрлэлийнхээ асуудалд сул явж ирлээ. Мал аж ахуйн орон гэчихээд энэ салбартаа болгоомжгүй хандахаар өнөөх үйлдвэржилт, үйлдвэрүүдийн хаалгыг нээх, өөрөө бүтээдэг улс болох үр дүн хол. Үүнийгээ чадахгүй байж уул уурхай яриад, тэндээс өдөр бүт тонн тонноор алт авах тухай яриад яахав дээ. Чадах юмаа хаячихсанаас болоод өнөөдөр лав оёдол гэдэг салбар байхгүй болчихлоо. Хятадууд эзлээд дууссан.
Сүлжмэл, ноос угаах, ноос нэхэх бүхэн үндсэндээ байхгүй. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр энэ салбарт чинь ерөөсөө шийдвэрлэх, чиглүүлэх асуудал маш их хуримтлагдсан юм байна. Төрийн удирдлага, дарга сайд нь байсгээд л өөрчлөгддөг, ажлаа таньж эхлээгүй байтал дараагийн дарга ирдэг. Ингэж явсаар салбар унаж байна.
-Шинэ татварын хуулиар арьс ширний үйлдвэрлэлд нэлээд хөнгөлөлт эдлүүлэхээр өөрчлөлт хийсэн байх аа. Энэ бол салбарыг дэмжиж байгаа төрийн, салбарын яам, газрын бодлого гэж ойлгосон?
-Тэр хууль яг амьдрал дээрээ хэрэгжих болохоор малчин бүрээс өрхийн орлогын мэдүүлгийг нь авч байж, тэр малчнаас хэдэн арьс авсан гэж биднээс асууж, тооцоолж байж Нэмүү өртгийн албан татварын хасалт хийхээр болчихоод байгаа юм. Өдөрт 3000-4000 малын арьс боловсруулж байна. Энэ чинь нэг сум байтугай нэг аймагт нядлагдах малын хэмжээ биш шүү дээ.
Өдөрт 3000-4000 малын арьс боловсруулж байна.
Сардаа 100 орчим мянган богийн арьс боловсрууллаа гэхэд тэрийг бөөнөөр нь бэлтгээд хуримтлуулаад өгдөг худалдаачдаас авахаас биш айл, айлаас түүж авах боломжгүй. Ингэхээр тэр шинэ хууль нь үйлчилж чадахгүй болчихоод байгаа юм. Уг нь үйлдвэрлэлийг дэмжихээр хууль л даа. Тэгтэл хэрэгжих болохоороо, бодит амьдрал дээр тийм л хэцүү болчихоод байна.
-Худалдаачдаас арьс шир авдаг гэлээ. Уг нь бөөний худалдааны сүлжээ гэж томоохон төсөл хэрэгжүүлж эхэлсэн санагдах юм. Тэр нь тухайлбал, танай үйлдвэрийг худалдаачдаас түүхий эдээ бүү ав, улсаас зохион байгуулж сум, аймгуудын түүхий эдийг хуримтлуулж өгье гэсэн бодлого байсан. Тэгэхээр худалдаачдаас биш тэр бөөний сүлжээгээрээ дамжуулаад түүхий эдээ авбал хэнийхээс хэдэн арьс авав гэдэг дүн нь гарна. Тэр тохиолдолд татварын хууль хэрэгжих юм биш үү?
-Тийм ээ. Тэр бөөний худалдааны сүлжээ төслийг хэрэгжүүлэхийн тулд улсаас нэг аж ахуйн газарт 200 сая төгрөгийг бараг 4-5 жил хүүгүй зээлдүүлсэн дээ. Үнэхээр санаа нь малчдаас гарсан түүхий эдийг бөөнөөр нь бэлтгэж нийлүүлэх явдал байсан.
Гэтэл огт эсрэгээрээ ахуйн бөөний худалдаа эрхэлдэг компаниудыг дэмжсэн үйлчилгээ болчихлоо. Хэдийнэ хөл дээрээ тогтчихсон том компаниудад тэр зээлийг нь өгөөд, үр дүнгүй ажил болгочихсон. Хажуугаар нь орон нутгийн наймааны жижиг сувгуудыг тас цохиод, орон нутагт дампуурал авчирсан л ажил болчихож байгаа юм.
-Салбарын хувьд бэрхшээл болсон олныг та баримтаар дурдлаа. "Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо"-ноос нэгдсэн арга хэмжээ авдаг уу?
-Энэ хүндрэл бэрхшээл, асуудлыг манай холбоо сүүлийн үед их мэдэрч байгаа. Тиймээс боловсруулах үйлдвэрүүд нэгдмэл бодлого, нэг үнэ барих хэлцэл хийлээ. Мэргэжлийн байгууллагуудад асуудлаа танилцуулж, гаалийн бүрдүүлэлтийг чангатгахад санал нэгдсэн. Үүнийгээ хэрэгжүүлж чадвал их үр дүнтэй.
Үүний тулд холбоо маань эрчимтэй ажиллаж байгаа. Тухайлбал, хятадуудын экспорт хийхээр хагас боловсруулалтад өгч байгаа богийн арьсыг найман юань, бодын ширийг 50 юань байлгахаар нэгдсэн үнэ тогтоосон. Энэ үнийг энэ мал бэлтгэлийн ид үеэс эхлээд хатуу мөрдөнө.
-Арьс ширний үйлдвэрүүдтэй холбоотой байнга яригддаг, басхүү танай үйлдвэрлэлийн нэр хүндийг унагадаг асуудал бол цэвэрлэх байгууламж. Цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн асуудалд үйлдвэрлэгчдийн зүгээс санаа бодол байдаг уу?
-Монголын ахмад үе бараг 60 жил мөлхөж энэ аж үйлдвэрийн районыг бий болгосон. Энэ 60 жилийн бүрдүүлсэн дэд бүтэц, зам талбай, үйлдвэрийн зориулалттай байгууламжийг шинээр бий болгоё гэхэд хэдий хурдтай ажилласан ч доод тал нь 30-40 жил болно. Харин үе үеийн ахмадуудын бүтээсэн энэ дэвсгэр нутгийг үлгэр жишээ үйлдвэржилтийн бааз болгомоор байна.
Үүний тулд нэгдмэл сонирхол, зорилготой ажиллах сан. Төрөөс ганцхан дэмжлэг хүсэх байна. Үйлдвэрүүдийн хаягдал бохир усны урьдчилсан цэвэрлэх байгууламж гээд томоохон объект байгаа. Энэ нь сүүлийн 20-30 жилд шинэчлэл хийгдээгүйгээс болоод үнэхээр орчин үеийн шаардлагаас хоцорсон. Бүгд нийлж, ямар ч байсан иж бүрэн шинэчлэл хийх хэрэгтэй.
Хэвийн үйл ажиллагааг нь хангахын тулд бид хотын захиргаа, Ус суваг ашиглалтын газартай хамтарна. БНСУ, Чех, ОХУ-ын томоохон проектын байгууллагуудад урьдчилсан санал тавиад төсөл боловсруулж байна. Шинэчлэлийн проектод сонголт хийнэ. Экологийн шаардлага бүрэн хангана гэсэн төслийг шалгаруулна. Үүний дараа төрийн зүгээс хувийн хэвшилтэйгээ хамтарч хөрөнгө оруулах эсвэл төр өөрийнхөө мэдэлд аваад дангаараа хөрөнгө оруулж болох юм.
Бүр олон нийтэд нээлттэй томоохон хувьцаа зарлах мэтээр хөрөнгө бүрдүүлэх ч боломжтой. Энэ талаар холбоо маань шат дараатай ажлууд хийж эхэлсэн. Тэгсэн цагт энэ бүсэд Монголын хөнгөн үйлдвэрийн томоохон цогцолбор иж бүрнээр нь ажиллуулах боломжтой. Мэдээж, бид энэ салбарын хүмүүс тул хөгжлийн төлөө л зорино шүү дээ.