Ноос ноолуурын салбарт Шинэ Зеланд улстай хамтарч ажиллана
ҮХАА-н сайд Х.Баттулга, Шинэ Зеланд улсаас Монгол Улсад суугаа ноён Карл Воркерыг хүлээн авч уулзлаа.
2013.08.21

Ноос ноолуурын салбарт Шинэ Зеланд улстай хамтарч ажиллана

Хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлж идэвхижүүлэх зорилгоор Гадаад харилцааны сайдын урилгаар Шинэ Зеланд Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Карл Воркер манай улсад ажиллаж байгаа билээ. Сүүлийн  жилүүдэд  Шинэ Зеландын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулах сонирхол их байгаа юм. 

Үүнтэй холбогдуулан ҮХАА-н сайд Х.Баттулга Шинэ Зеланд улсаас Монгол Улсад хавсран суугаа ноён Карл Воркерыг хүлээн авч уулзлаа. Шинэ Зеланд улс нь таван сая хүрэхгүй хүн амтай, 50 орчим сая малтай хонь голлосон зөвхөн хөдөө аж ахуйн салбартаа арав гаруй тэрбум долларын экспортыг хийдэг орон юм.

Монгол, Шинэ Зеландын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа төдийлөн сайн хөгжөөгүй байгаа боловч хамгийн сүүлд Шинэ-Зеландын “Cavalier Wool Holdings” компанийн захирал Монгол Улстай хөдөө аж ахуйн салбарт, ялангуяа ноосны чиглэлээр хамтарч ажиллах болсон нь хамтын ажиллагааны  эхлэл тавигдсан үйл явдал болсон юм.

Шинэ-Зеланд улсын хувьд таван жилийн өмнөөс Хятад улстай чөлөөт худалдааны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд сүүний чиглэлээр түлхүү хамтарч ажилладаг юм байна. Харин манай улстай ноос ноолуурын чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн.

Энэ үеэр ҮХАА-н сайд Х.Баттулга хэлсэн үгэндээ  Монгол улс газрынхаа баялгийг түүхийгээр биш боловсруулаад нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгож  экспортлох зорилго тавьсан. Монгол хонины ноосыг Шинэ-Зеландын технологи, инженерүүдийг ашиглан тодорхой хэмжээгээр боловсруулахаар хамтын ажиллагаа явагдаж эхэлсэн.

Манай улстай ноос ноолуурын чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ.

Уул уурхай, малын гаралтай түүхий эдийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх,   аж үйлдвэрийг хөгжүүлэх, нөхөн төлждөг хөдөө аж ахуйн салбарын нөөц бололцоог бүрэн ашиглах зэрэг томоохон зорилтуудыг тавин ажиллаж байна.

Энэхүү зорилтын хүрээнд мах сүүний эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх,түүхий эдийг хоршоогоор бэлтгэн хөдөө аж ахуйн биржээр дамжуулан арилжих, ноосонд урамшуулах өгөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Засгийн газраас Чингис бондыг гаргаж ноос, ноолуур, арьс шир, сүү, хүлэмжийн аж ахуйн эрхлэгчдэд  зээл олгон, техник, тоног төхөөрөмжийг худалдан авахад дэмжлэг үзүүлж байгаа тухай хэлсэн байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, номхон далайн бүсийн 32 дугаар бага хурлыг 2014 оны 3 дугаар сарын 10-14-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон.  Тус хуралд Шинэ-Зеландын хөдөө аж ахуйн сайдыг оролцуулах саналыг манай тал тавьсан юм.