Мэндчилгээ
Хүндэт ахмадууд аа! Дэлхий дахинаараа "Настнуудын хэлж буй ирээдүйг бид хүсэж байна" уриан дор тэмдэглэж байгаа Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Өнөөдөр Монгол Улсын хүн ам 2.9 саяд хүрч 10 шахам хувийг ахмад настнууд эзэлж байгаа нь Монгол төрийн бодлогыг энэ насныхан руу чиглүүлэх хариуцлагатай үүргийг бий болгож байна.
Өнгөрөгч хоёрдугаар сард Дархан хотод зохион байгуулсан "Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого" үндэсний зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийн дагуу Хүн амын асуудлаарх Үндэсний хороог байгуулж, та бүхний санал, зөвлөмжийг Хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичгийн төсөлд тусган Улсын Их Хуралд өргөн барихад бэлэн болоод байна.
Нийгмийн хамгааллын талаар төрөөс баримтлах бодлого арга хэмжээний хүрээнд жилд ахмад настнууддаа нийгмийн даатгалын сангаас 800 гаруй тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, Нийгмийн халамжийн сангаас ахмад настныг асран хамгаалагч иргэдэд 7.2 тэрбум төгрөгийн нөхцөлт мөнгөн тэтгэмж, мөн төрөл бүрийн хөнгөлөлт, тусламж дэмжлэг үзүүлэхэд 16.3 тэрбум төгрөг зарцууллаа.
Мөн дайнд оролцсон ахмад дайчин 30 хүнд нэг тэр бум гаруй төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгож, харж хандах хүнгүй 200 гаруй ахмадыг асрамжийн үйлчилгээнд хамруулав.
Харин ахмад настныг хөгжүүлэх, тэдний эрхийг хамгаалах асуудал цаг үе, нийгмийн өөрчлөлтөөс хоцорч ахмад настны хөдөлмөрлөх, сурч хөгжих, гэр бүлийн болоод бусад хүчирхийллээс эрхээ хамгаалах эрх зүйн зохицуулалтууд учир дутагдалтай байна.
Иймд ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлт, орлогын баталгааг хангах, хууль ёсны эрхийг хамгаалах талаар холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах эсвэл Ахмад настны тухай бие даасан хуулийг санаачилж хэрэгжүүлэх том зорилт тавигдаж байна.
Шинэчлэлийн Засгийн газар ахмадууд та бүхний мэдлэг, туршлага, чадварыг маш том нөөц гэж үзээд "Ахмад мэргэжилтнүүдийн үндэсний сүлжээг зохион байгуулж тэдний мэдлэг, туршлагыг залуу үед өвлүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг боловсруулж байгаа юм.
Энэ хөтөлбөр батлагдсанаар ахмад залуу үеийнхний залгамж холбоо сайжирч улмаар ахмадуудын маань амьдралд чанарын ахиц гарна гэсэн хүлээлттэй байна. Ахмадуудын маань нэг хэсэг нь нас ахих тусам бусдын дэмжлэггүйгээр амьдрахад бэрхшээлтэй болдог нь амьдралын үнэн.
Ийм учраас орчин нөхцөл сайтай асрамжийн төвүүдийг бий болгох, үр хүүхдэд нь тэднийгээ асрамжлах боломжийг олгох бодлогыг ч орхигдуулахгүй байх болно. Буянт буурлууд та бүхнийг ажлын их туршлага, мэдлэг, ёс уламжлал, зан үйлээ хүүхэд залууст өвлүүлэхэд анхаарч, манлайлан ажиллахыг уриалж байна.
Та бүхэнд урт нас, удаан жаргалыг хүсье.
УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ