Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч ажиллана
УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр хуралдав. Хуралдааны эхэнд Татварын тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцууллаа.
Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Зоригт уг хуулийн төслийг түр хойшлуулах горимын санал гаргасан ч дэмжлэг авсангүй. Ингээд гишүүд Н.Батбаяр сайдаас асуулт, тодруулга авсан юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Хөрөнгө оруулагчид манай татварын орчинг тогтворгүй гэсэн болгоомжлолтой байдаг хэмээгээд үүнийг салбарын сайдаас тодруулахад Н.Батбаяр "Монгол Улсын хувьд татварын орчин олон жил тогтвортой байсан. 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл татварын хуулиуд хэрхэн яаж өөрчлөгдсөн талаар нэгдсэн судалгаа гаргалаа.
Үүнээс үзэхэд манайд бүх төрлийн татвар буурч ирсэн байна. 2007 онд хийсэн татварын шинэчлэл томоохон өөрчлөлт авчирсан. Өөрөөр хэлбэл, манай улс Азид болон. дэлхийд хамгийн бага татвартай орны тоонд орсон. Татварын таатай орчны хувьд бидний өрсөлдөх чадвар бусад орнуудтай харьцуулахад өндөр байгаа" гэв.
Мөн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсөл санаачлагч хөрөнгө оруулалтын санд давхар татвар ногдуулахгүй байх зарчмыг хангасан татварын зохицуулалттай байх нь зүйтэй гэж үзэв.
Хөрөнгө оруулагчид манай татварын орчинг тогтворгүй гэсэн болгоомжлолтой байдаг.
Ингэснээр Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг дагалдуулан уг хуулийн төслийг боловсруулсан аж. Хуулийн төсөлд хөрөнгө оруулалтын сангийн орлого, гадаад улсын хадгаламжийн бичгийг суурь үнэт цаасанд хөрвүүлсний орлого зэргийг албан татвараас чөлөөлөхөөр тусгасан байна. Байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсгүүд байгуулахаар тогтлоо.
УИХ-ын хаврын чуулганаар 2012 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх явцад хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэх явцад удаан хугацаагаар он дараалан ашиглалтад оруулахгүй байгаа объектуудтай өөр өөрсдийн тойрогтоо судалж, танилцах чиглэлийг УИХ-ын дарга гишүүдэд өгсөн байна. Иймд энэ саналыг боловсруулж нэгтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах шаардлага байгааг Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэлсэн юм.