УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдлаа.
2013.09.24

15 тэрбумын шалгуурыг дэмжихгүй

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Хөрөнгө оруулалтын болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцжээ. “Шударга ёс” эвслийн бүлгийг төлөөлж УИХ-ын гишүүн Д.Батцогт, Г.Уянга нар уг хуулийн төслүүдээр байгуулагдсан ажлын хэсэгт багтаж байгаа аж.

Эвслийн зүгээс Хөрөнгө оруулалтын хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг ерөнхийд нь дэмжиж байгаа гэнэ. Гэхдээ хөрөнгө оруулалтыг бүс нутгаар нь ялгавартай авч үзэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар, хөдөө орон нутаг гэсэн ангиллаар хандахыг “Шударга ёс” эвслийн бүлэг гишүүдээрээ дамжуулан ажлын хэсэгт уламжлахаар болсон байна. Ялангуяа орон нутгийн хөрөнгө оруулалтад анхаарал хандуулах цаг болсныг эвслийн бүлгийн гишүүд онцолж байна.

Мөн хөрөнгө оруулалтын хэмжээ, салбараас нь хамаарч зөрүүтэйгээр зааж өгөх, салбарыг нь ил тод зарлах гэсэн санал гаргасан байна. Мөн салбараас хамаарч 15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийвэл татварын орчин нь өөр байх ёстой аж. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, татварын орчныг тогтвортой байлгах итгэл өгөхийн тулд салбаруудаа ил тод зарлах ёстой гэж эвслийн бүлгийн гишүүд үзсэн байна.

Тодруулбал, уул уурхай, төмөр зам, авто зам, эрчим хүчний салбар зэргийг тусгайлан зааж, хөрөнгө оруулалтын хэмжээ, татварын тогтвортой байдлыг зааж өгөх нь чухал гэж эвслийн бүлгийн гишүүд үзсэнийг Н.Батцэрэг онцоллоо. 15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийвэл дөрвөн төрлийн татварыг тогтворжуулах заалт байгааг эвслийн зүгээс дэмжиж байгаа юу гэсэн асуултад

Салбараас хамаарч 15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийвэл татварын орчин нь өөр байх ёстой аж.

Н.Батцэрэг "Татварын төрөл зүйл дотор хамгийн гол төсвийн орлого бүрдүүлдэг нь аж ахуйн орлогын татвар, гааль, НӨАТ, уул уурхайн рояалти гэсэн татварууд бий. Үүнээс гадна олон төрлийн татварыг тогтворжуулъя гэсэн санал гаргавал эвслийн бүлэг дэмжинэ.

15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт уул уурхай, эрчим хүчний салбарт бол бага мөнгө. Харин хүнс болон, хөдөө аж ахуйн салбарт хангалттай мөнгө. Гадаад, дотоодын гэж ялгахгүйгээр 15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалтад тогтворжуулалтын гэрчилгээ олговол энэ шалгуурыг давах дотоодын компани цөөхөн.

Тиймээс 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг салбараар нь буюу хөдөө орон нутаг, Улаанбаатар гэж бүс нутгаар нь ангилах нь зүйтэй гэсэн саналыг гишүүд гаргасан. Тиймээс ажлын алба үндэслэлээ судалгаатай болгох үүднээс ойрын өдрүүдэд ажиллана” гэсэн юм.