Г.Шийлэгдамба: Бусад намын фракцийн алдааг МАХН давтахгүй
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлгэдамбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаас экс Ерөнхийлөгчийн биеийн байдлын талаар асуухгүй өнгөрч боломгүй. Намын нөхөд тань эргэж очсон, уулзсан гэсэн. Та уулзав уу. Бие нь ямархуу байна?
-Харамсалтай мэдээ дуулгахад даргын бие тун тааруухан байгаа. Монголд шинжлүүлсэн онош тэнд ч батлагдсан. Шаардлагатай хэд, хэдэн хагалгаа хийлгэсэн. Цаашид дахин нарийвчилсан эмчилгээнд орох хэрэгтэй гэдгийг эмч нар хэлсэн. Намын нөхөд очиж уулзсан. Харин миний хувьд тодорхой шалтгааны улмаас амжихгүй л байна.
-Цаашид хэр удаан эмчилгээ хийлгэх шаардлагатай юм бол?
-Энэ тухайд бидний зүгээс ямар нэгэн зүйл хэлэх боломжгүй байна. Магадгүй цаашид шат дараалсан эмчилгээ хийлгэх байх.
-Зарим хүн Н.Энхбаяр даргыг улстөрд эргэн ирэх эсэхэд эргэлздэг боллоо?
-Монголын нийгэм даяараа Н.Энхбаяр даргыг улстөрд эргэн ирэх эсэхийг нэлээд анхааралтай ажиглаж, хүлээлт үүсээд байгаа нь үнэн. Өөрийнх нь болон гэр бүл, намынхны зүгээс хамгийн түрүүнд эрүүл мэндэд нь илүү ач холбогдол өгч байгаа. Энэ хүн хэзээ эрүүл болно, тэр үед л энэ тухай яригдах байх.
-Гэхдээ түүний хувьд улстөрд орсон ч хуулийн дагуу төрийн ямар нэгэн албан тушаал хаших боломжгүй биз дээ?
МАХН
-Н.Энхбаяр гэдэг хүн МАХН-ын дарга хэвээр байгаа. Тиймээс намын нөхөдтэйгээ уулзаж, үйл ажиллагаанд санал бодлоо илэрхийлэн оролцох эрх нь нээлттэй. Үүнийг зарим хүн янз бүрээр хүлээж авдаг байх. Манай намын гишүүд Н.Энхбаяр даргыг цагаатгах ёстой гэж үздэг. Тиймээс үүнийг дахин хөндөх учиртай.
-УИХ-ын ээлжит бус чуулган хуралдахаар боллоо. Таны хувьд энд ямар байр суурьтай байгаа вэ?
-Ээлжит бус чуулганыг хуралдуулах эсэх нь УИХ-ын асуудал. Тиймээс бидний зүгээс хөндлөгөөс ямар нэгэн байдлаар дүгнэлт өгөх нь зохимжгүй. Гэхдээ миний хувьд улс, эх оронд нийгэм, эдийн засгийн олон хурц асуудал тулгамдаад байгаа учир УИХ-аар хэлэлцэж, цаашид авах арга хэмжээг сайтар ярилцах нь зүйтэй гэж үзэж байгаа.
-Таны хувьд дэмжиж байгаа юм байна гэж ойлголоо. Харин УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг яагаад чимээгүй байгаа юм бол. Засагт хамтарсан болохоор ямар нэгэн байдлаар шүүмжилж чадахгүй байна уу?
-УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн өмнөөс тодорхой хариулт өгөх боломжгүй. Засгийн газарт байгаа манай сайд нарын хувьд хариуцсан салбартаа асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Тэдний өгч буй мэдээллээс үзэхэд УИХ-аар оруулж шийдүүлэх шаардлагатай олон асуудал байгаа юм байна гэж ойлгосон.
Тиймдээ ч ээлжит бус хуралдааныг зарласан нь тодорхой. Өөрөөр хэлбэл, Засгийн газар тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийн тулд УИХ-аар хэлэлцүүлэх ёстой. Түүнчлэн УИХ дээр ч Засгийн газрын тайлбарыг сонсох хэрэгтэй. Ингэснээр үүссэн нөхцөл байдлыг давна. Тэд уялдаа холбоотой ажиллахаас өөр гарцгүй.
-Монголын эдийн засаг хямарч байна гэж хаа сайгүй яригдах боллоо. МАХН-аас сонгогдсон эдийн засагч, банкир сайд нартайгаа биечлэн уулзав уу. Тэдний зүгээс ямар нэгэн тайлбар хэлж байна уу?
-Өнгөрсөн хугацаанд Ч.Улаан болон О.Чулуунбат сайдаас зарим нэгэн мэдээлэл авч байсан. Мэдээж дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй. Аль ч орны Засгийн газарт эдийн засагтай холбоотой асуудал тулгардаг.
Энэ бол шинэ зүйл биш. Тиймээс дэлгэрэнгүй тайлбараа УИХ-д танилцуулах байх. Тэгээд ч аль нэг улстөрийн хүчин Засгийн газрын үйл ажиллагаанд шууд дүгнэлт өгөх нь зохимжгүй.
-УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн тухайд хааяа нэг хуралдаж, үйл ажиллагаа нь явагдаад байх шиг харагддаг. Харин сонгуульд хамтран оролцохоор гарын үсэг зуралцсанаас хойш “Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаяр эзгүй болж, улстөрийн хүрээнд намжмал байдлыг сахиад байх шиг санагдах юм. Тус тусдаа үйл ажиллагаа явуулаад байгаа хэрэг үү?
Шударга ёс эвсэл
-УИХ дахь бүлгийн хувьд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлээд явж байгаа. Гэхдээ МАХН-ын зүгээс илүү идэвхжүүлэх ёстой гэдэг шаардлагыг тавьдаг. Тиймээс бүлгийн дарга болон гишүүд энэ тал дээр анхаарч илүү идэвх чармайлттай ажиллах ёстой.
Тухайлбал хийж буй ажлаа олон тайлагнаж, аливаа үүссэн асуудалд байр сууриа тодорхой илэрхийлж байх нь чухал. Мэдээж хоёр тусдаа нам болохоор тус тусын үйл ажиллагаа явуулах нь ойлгомжтой. Тиймээс би нөгөө намынхаа үйл ажиллагааг тодорхойлох боломжгүй.
-Тэгэхээр МҮАН болон МАХН хамтран ажиллахгүй байгаа гэсэн үг үү?
-Хамтын ажиллагаа гээд өнөөдөр тодорхой асуудал гаргаж тавиад хэлэх боломжгүй байна. Өнгөрсөн хугацаанд амралтын сарууд үргэлжилсэн. Удахгүй улстөрийн амьдрал идэвхжинэ. Тиймээс одооноос л хамтын ажиллагаа эрчимжих болов уу.
-МАХН дотооддоо бусад нам шиг фракцитай болчихсон юм уу?
-Манай намд фракц байхгүй. Нам маань өөрөө шинэчлэгдэн зохион байгуулагдаад хоёр жилийн л хугацаа өнгөрч байна. Биднийг фракц гэж ойлговол нэг л фракц. Бусад намд байдаг энэ алдааг бид давтаж болохгүй. Тиймээс манай намд энэ ойлголт байхгүй.
-Таны хэлж буйгаар фракци гэдэг нь нам доторх алдаа гэсэн үг үү?
-Нам гэдэг үзэл бодлоороо нэгдсэн хүмүүсийн цөм байх ёстой. Үзэл бодол нэгтэй хүмүүс нэгдэж улстөрийн нам байгуулдаг. Зарим намд тодорхой бүлэглэлүүд албан тушаалын хуваарилалт, өөр бусад зүйлд ямар нэгэн эрх ашгийг хөндөж тавиад хоорондоо элдэв тохироо, яриа хэлэлцээр хийдэг.
Энэ нь өөрөө магадгүй тухайн намыг задлах нөхцөл байдлыг үүсгэдэг. Бидний хувьд ил тод ярилцаж, шүүмжилдэг зүйл бий. Намын хурал ч нэлээд ширүүн болдог. Харин үүнийг нь фракциудын зөрчил гэж ойлгож болохгүй. Энэ бол эрүүл зүйл.
-Олон фракци байснаас тусдаа нам болоод яв гэсэн үг үү?
-Ер нь улстөрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Үүгээрээ тодорхойгүй олон асуудлыг цэгцлэх учиртай. Тухайлбал санхүүжилтийг ил тод болгож, хөрөнгийн өмчлөл, гишүүнчлэлийн асуудал гээд авч хэлэлцэх чухал зүйлүүд олон бий. Үүнийг даруйхан нэг тийш нь болгох ёстой.