З.Баянсэлэнгэ: Мэдээлэл тараасан хүмүүс нь хариулт өгнө биз
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
2013.08.14

З.Баянсэлэнгэ: Мэдээлэл тараасан хүмүүс нь хариулт өгнө биз

Н.Энхбаяр эрх чөлоөтэй болсноос хойш МАХН-ынхан хөдөлгөөнд орж, намын Гүйцэтгэх товчоогоо хуралдуулж, улс төрийн нөхцөл байдал, намын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаагаа сэргээх гэнэ.

Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Шадар сайд Д.Тэрбишдагвыг МАХН-ын дэд даргаас огцруулах гарын үсэг цуглуулж байгаа тухай мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цацагдсан юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгээс тодрууллаа.

-Таныг Шадар сайд Д.Тэрбишдагвыг МАХН-ын дэд даргаас огцруулах гарын үсэг цуглуулж байгаа талаар хэвлэлүүд мэдээлсэн байсан. Энэ үнэн үү?

-Хэзээ ийм мэдээ гараа вэ.

-Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдах гэж байна гэсэн мэдээтэй хамт яригдаж эхэлсэн?

-Би өнгөрсөн долоо хоногт эзгүй байсан. Африкийн Сенегал улсын Дакар хотод болсон Дархлаажуулалтын олон улсын хуралд оролцоод өчигдөр ирлээ. Тийм учраас намын дэд даргыг огцруулах талаар гарын үсэг цуглуулах ажил хийгдээгүй гэсэн үг.

-МАХН-ын улс төрийн байр суурь сүүлийн үед олны анхаарлыг татаж байгаа. Ийм үйл ажиллагаа ер нь явагдана гэсэн үг үү. Хэрвээ намын дэд даргыг огцруулах гэж байгаа нь үнэн бол шалтгаан нь юу байж болох вэ?

-Энэ асуултад мэдээлэл тараасан хүмүүс нь хариулт өгнө биз. Миний зүгээс өгөх хариулт алга байна.