Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Роза Отунбаеваг хүлээн авч уулзлаа
МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Киргизийн Ерөнхийлөгч асан, нэрт улстөрч Роза Отунбаева
2013.09.16

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Роза Отунбаеваг хүлээн авч уулзлаа

Бүгд найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотод хоёр өдрийн турш болж өнгөрсөн ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын 13 дугаар хуралдаанд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо буцахынхаа өмнө Киргизийн Ерөнхийлөгч асан, нэрт улстөрч Роза Отунбаеваг хүлээн авч уулзлаа.

Р.Отунбаева нь энхтайван, хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцсэн эмэгтэйчүүдэд олгодог “Хатан зориг” шагнал, Францын “Хүндэт легион” одонг хүртэж байжээ. Тэрээр шилжилтийн үеийн Киргиз улсын Ерөнхийлөгчөөр 2010 оны тавдугаар сараас 2011 оны арванхоёрдугаар сар хүртэл ажилласан лидер улстөрч эмэгтэй.

Үүнээс өмнө тус улсын парламентийн гишүүн, Гадаад хэргийн сайдын албыг хашиж байсан бөгөөд Киргизэд Цахирмаа цэцгийн хувьсгалыг эхлүүлэн удирдаж явсан хүний нэг ажээ.

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Киргизийн Ерөнхийлөгч асан, нэрт улстөрч Роза Отунбаева

Тэрээр өнгөрсөн оны долдугаар сарын 7-12-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлахдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж байсан юм. Энэ удаагийн уулзалтаар хатагтай Р.Отунбаева Монголд шүүхийн шинэтгэл хэрхэн явагдаж байгааг түлхүү сонирхсон бөгөөд сонгуулийн санал хураалтыг автомат машинаар явуулсан Монголын туршлагыг судлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн ардчиллын зам мөрөөр Монгол Улс хурдацтай хөгжиж байгааг тэрээр онцлон тэмдэглэж байсан юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Киргизийн Ерөнхийлөгч асан Р.Отунбаевыг анд нөхрөө хэмээн хүндэтгэдгээ энэ үеэр илэрхийлж, цаашид хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин бэхжиж, худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, хүнсний салбарт явуулж буй хоёр орны хамтын ажиллагаанд амжилт хүссэнээр уулзалт өндөрлөлөө.