Дугуй ширээний уулзалтын талаар мэдээлэл хийлээ
Гадаад Харилцааны сайд Л.Болд
2013.09.16

Дугуй ширээний уулзалтын талаар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалттай хамтран “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт дугуй ширээний уулзалтыг эх орондоо анх удаа зохион байгууллаа.

Өнөөдөр болсон дээрх уулзалтын талаар Гадаад харилцааны сайд Л.Болд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Улаанбаатар хотноо Төрийн ордонд болсон уулзалтад Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын захирал Клаус Шваб өндөр ач холбогдол өгч, биечлэн оролцсон бөгөөд Монголын талаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Засгийн газрын тэргүүн М.Алтанхуяг, УИХ, Засгийн газрын гишүүд, дотоод, гадаадын бизнесийн салбарын манлайлагчид гээд 30 гаруй орон, олон улсын 90 гаруй байгууллагын 170 гаруй төлөөлөгч оролцжээ.

Дугуй ширээний уулзалт төлөвлөж байсанчлан Монгол Улс олон улсын анхаарлыг хэсэг хугацаанд татаж чадсан гэдгийг сайд Л.Болд онцолсон юм. Мөн уулзалтын үр дүнг удахгүй бодитоор мэдэрч, улс орны хөгжлийн зөв зүйтэй хувилбарыг эцэслэн сонгох, цаашлаад дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэгт бүрэн итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Дугуй ширээний уулзалтын талаар хэвлэлийн бага хурал

Дэлхий дахинд болон бүс нутгийн төвшинд тулгарч буй асуудлыг хамтын хүчээр хэлэлцэж, хамгийн боломжит хувилбарыг гаргадаг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллага нь манай улсыг сонгож, тусгайлсан ярилцлага зохион байгуулсан нь санаандгүй хэрэг биш гэнэ.

Тус байгууллагын стратегийн багийнхан  дотоод, гадаадын олон талт судалгаа, 150 гаруй удаагийн цуврал ярилцлага, асуулга, мэдээллийг үндэслэн Монгол Улсын 2040 он хүртэлх хөгжлийн стратегийн хувилбарын төслийг боловсруулсан байна.

Тэрхүү төсөлд уул уурхайн баялгаас олж буй орлогыг эдийн засгийн үр ашигтайгаар хэрхэн зарцуулах, иргэдийн амьжиргаанд хүртээмжтэй байлгах, баялгийн зөв менежмэнт хэрэгжүүлэх зэрэг олон чухал санал, санаачилга дэвшүүлжээ. Эдгээр санаачилга, судалгаа, дүгнэлтэд үндэслэн Монгол Улсын ирээдүйн 30 жилийн хөгжлийн хувилбарын чиг баримжааны тухай шүүн хэлэлцсэн байна.

Гадаад Харилцааны сайд дугуй ширээний уулзалтын хүрээнд Хөгжлийн хувилбаруудын төслийг танилцуулах үндсэн хуралдаан, гурван салбар хуралдаан болж, Авлигын эсрэг түншлэл, Уул уурхай, Усны асуудлаар тус бүр салбар хуралдаан болох тухай дурдлаа.

Эдгээр салбар хуралдаанд манай төр, хувийн хэвшил, иргэний нийгмийнхэн оролцож, тус тусын байр суурь, санаа бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо илэрхийлэх юм байна. Салбар хуралдаанууд Төрийн ордонд болох юм.

Эдийн засгийн эрчимтэй хөгжлийн гараан дээр байгаа Монгол Улсын хөгжлийн цаашдын чиг хандлага, хэтийн төлөв, стратегийн боломжит хувилбаруудыг тодорхойлохоор нөлөө бүхий судалгааны багийнхан, туршлагатай эдийн засагчид, орон орны шийдвэр гаргагч, бизнесменүүд Улаанбаатарт чуулж, хамтдаа эрэл хайгуул хийснээрээ энэ удаагийн арга хэмжээ шинэлэг төдийгүй, үр дүнтэй болжээ.

“Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ”-ний үеэр яригдсан асуудал, гарсан санал шүүмж, дүгнэлт болгоныг нэгтгэн ирэх 2014 оны эхээр Швейцарийн Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн 44 дүгээр чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.