Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын 13 дахь удаагийн уулзалт эхэллээ
Шанхайн хамтын ажилллагааны байгууллага /ШХАБ/-ын 13 дахь удаагийн уулзалт өчигдөр Киргиз улсын нийслэл Бишкек хотноо эхэллээ.
2013.09.13

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын 13 дахь удаагийн уулзалт эхэллээ

Шанхайн хамтын ажилллагааны байгууллага /ШХАБ/-ын 13 дахь удаагийн уулзалт өчигдөр Киргиз улсын нийслэл Бишкек хотноо эхэллээ.

Энэхүү уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож байгаа бөгөөд энэ нь  түүний хувьд дахин сонгогдсоноосоо хойш гадаад оронд айлчилж буй анхны айлчлал юм. ШХАБ-д ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикстан, Узбекстан гэсэн зургаан орон багтдаг. Ээлжит хуралдаанд Монгол, Иран, Пакистан, Энэтхэг, Афганистан зэрэг улсууд ажиглагчаар оролцож байна.

Монгол Улс, Төв Азийн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, гадаад бодлогын хүрээнд “ШХАБ-ыг тус зорилтыг хэрэгжүүлэх  нэн чухал суваг” гэж үзэн 2004 оноос эхлэн тус байгууллагад ажиглагчийн статустай оролцож ирсэн бөгөөд энэ удаад Монгол Улсаас Төрийн тэргүүний түвшинд зургаа дахь удаагаа оролцож байна.

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Киргиз Улсад хурэлцэн ирсэн ажлын айлчлалынхаа эхэнд, БНХАУ –ын дарга Си Жиньпинтэй уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Та БНХАУ -ын дэд дарга болоод удаагүй байхдаа Монгол Улсад айлчилж байсан төдийгүй хоёр улсын хамтын ажиллагааны чиглэлээр үр дүнтэй олон ажил хэрэгжүүлснийг санаж байна. Цаашдаа ч хоёр улсын хамтын ажиллагаа бүхийл салбарт улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна" гэж хэлэв.

Хариуд нь, БНХАУ–ын дарга Си Жиньпин “Юуны өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан явдалд баяр хүргэе. Таныг хуралдаанд хүрэлцэн ирсэнд баяртай байна. Энэ удаагийн уулзалт Монгол улс, БНХАУ-ын хоорондын хамтын ажиллагаанд чухал алхам болно гэж ойлгож байгаа” гэлээ. Цаашлаад, Төрийн тэргүүн нар хоёр улсын харилцааны стратеги, эдийн засаг, дэд бүтэц, санхүү зэрэг олон чухал асуудлаар санал солилцов. Уулзалтын төгсгөлд, БНХАУ -ын дарга Си Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг таатай үедээ БНХАУ-д айлчлахыг урив. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ -ын даргыг Монгол Улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийхийг урив. Уулзалт халуун дотно найрсаг уур амьсгалд болж өнгөрлөө.