Ерөнхий сайдын Япон улсад хийх айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг анхныхаа албан ёсны айлчлалыг Япон улсаас эхэллээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг өчигдөр “Нарита” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Хүрэлбаатар болон Япон улсын төлөөлөгчид угтан авсан юм.
Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, БОНХ-ийн сайд С.Оюун, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Сумьяабазар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон албаны бусад хүмүүс багтсан байна.
Эртний найзтайгаа эхний уулзалтаа хийсэн Ерөнхий сайдад ноён Минору Сайтогийн гэр бүл дурсгалын зүйл гардуулснаар уулзалт өдөрлөлөө.
Эртний түнш Япон улсад гурван өдрийн айлчлал хийхээр ирсэн Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхсан эхний хүн нь ноён Минору Сайто байлаа.Тэрбээр өчигдөр эхнэр, хүүхдийн хамт Ерөнхий сайдад бараалхаж дотно яриа өрнүүлсэн юм.
Энэ үеэр Ерөнхий сайд “Та бүхэнтэй эргэн уулзаж байгаадаа баяртай байна. Би 20 жилийн өмнө Япон улсад ирж, танай гэрт зочилсноор Японы талаар их зүйлийг мэдэж авч байсан” гэж дурслаа.
Хатагтай Рёоко Сайто “Таныг манай улсад ирнэ гэж мэдэж байсан. Гэхдээ бидэнтэй уулзана гэж огт бодсонгүй. Уулзана гэдгийг Японы Гадаад харилцааны яамнаасаа сонсоод тэсэн ядан хүлээж байлаа” хэмээн яриад тухайн үед хамт авахуулж байсан зургаа Ерөнхий сайдад сонирхуулсан юм. Эртний найзтайгаа эхний уулзалтаа хийсэн Ерөнхий сайдад ноён Минору Сайтогийн гэр бүл дурсгалын зүйл гардуулснаар уулзалт өдөрлөлөө.