Сайд Л.Болд шинэ элчин сайдуудтай уулзлаа
Гадаад харилцааны сайд Л.Болд, Испанийн Элчин сайд Мануэль Валенсия Алонсог хүлээн авч уулзах үеэр.
2013.09.11

Сайд Л.Болд шинэ элчин сайдуудтай уулзлаа

Гадаад харилцааны сайд Л.Болд Испанийн Вант Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Мануэль Валенсия Алонсог энэ сарын 9-нд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр талын улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын болон соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцов.

Түүнчлэн хоёр тал бүс нутаг, олон улсын байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаагаа өргөтгөж, харилцан дэмжих зарчмын дагуу ажиллах эрмэлзлээ илэрхийлэв.

Мөн энэ өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд Грек Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Вассалиос Костисийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны эдийн засаг, улс төрийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Монгол Улс Грек Улстай харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх, нэн ялангуяа аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжтойг талууд санал нэгтэйгээр тэмдэглэв.

Гадаад харилцааны сайд Л.Болд, Грек Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Вассалиос Костисийг хүлээн авч уулзах үеэр.

Түүнчлэн сайд Л.Болд Бүгд Найрамдах Аргентин Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Густаво Альберто Мартиног Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэв.

Энэ үеэр Монгол Улс Латин Америкийн орнуудтай харилцах хамтын ажиллагаандаа чухал ач холбогдол өгч буйг тэмдэглээд хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэхийн ач холбогдлыг онцолж,

харилцаа, хамтын ажиллагааг тодорхой чиглэлд, тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт идэвхжүүлэх, иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх зэрэг асуудлаар ярилцав.

Мал аж ахуй өндөр хөгжсөн орны хувьд Аргентин Улс манай улстай энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгааг Элчин сайд Густаво Альберто Мартино илэрхийллээ.