Л.Болд Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа
Гадаад харилцааны сайд Л.Болд, Австралийн Элчин сайд Уиллиам Патерсонийг хүлээн авч уулзав.
2013.09.11

Л.Болд Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Австрали, Пакистан, Бангладешийн элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Л.Болд Австрали Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Уиллиам Патерсонийг энэ сарын 10-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр хоёр талын улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын болон соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцов.

Лалын Бүгд Найрамдах Пакистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Масүүд Халидтай уулзах үеэр

Өнгөрсөн жил Австрали Улс Улаанбаатар хотноо Ерөнхий консулын газраа нээсэн нь манай хоёр орны харилцааны цар хүрээ тэлж байгаагийн илэрхийлэл төдийгүй хамтын ажиллагааны шинэ шинэ боломжийг нээж илрүүлэхэд тус дөхөмтэй хэмээн үзэж буйг энэ үеэр тэмдэглэлээ.

Мөн энэ өдөр сайд Л.Болд Лалын Бүгд Найрамдах Пакистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Масүүд Халидийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс нь Пакистан Улсыг Ази, Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш орон гэж үздэг бөгөөд Пакистан Улстай хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх, хувийн хэвшил хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэх сонирхолтой болохыг уулзалтаар онцолсон юм.

Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Мухаммад Азизул Хакуегтай

Түүнчлэн Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Мухаммад Азизул Хакуег Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан мөн хүлээн авч уулзаж, Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэв.

Энэ үеэр Гадаад харилцааны сайд цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөсөн түншлэлийн зарчмаар эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт болон бусад салбарт өргөтгөх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.