Д.Ганхуяг: Олборлосон алтаа Төв банкинд тушаавал татварын хөнгөлөлт үзүүлнэ
Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль гарснаас хойш төв банкинд тушаах алтны хэмжээ буурч, аж ахуйн нэгжүүд татвараас зугтаах хандлага гарах болсон. Энэ бүхнийг хазаарлах үүднээс Засгийн газраас Алтны худалдааг ил тод болгох тухай хуулийн төсөл боловсруулсан.
Уг хуулийн төслийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Засгийн газраас уул уурхайтай холбоотой гурван хуулийн төсөл боловсруулсан гэсэн. Бүгдийг нь ээлжит бус чуулганаар хэлэлцэх үү?
-Ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр гурван хуулийн төсөл өргөн барилаа. Тухайлбал, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар бүх эрх орон нутаг шилждэг болно. Орон нутаг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг өгөх юм. Ингэснээр орон нутагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажил саадгүй явах учиртай.
Нөгөөтэйгүүр Ашигт малтмалын газарт лиценз олгоно гээд хүндрэл чирэгдэл гараад байхгүй болно. Ерөнхийлөгчийн тамгын газраас санаачилж, боловсруулж байсан хуулийг цаашид явуулахгүй байхаар болсон. Тэр хуулийг хөгжилтэй орны төвшинд хийсэн учраас ирээдүйд яригдах байх. Ашигт малтмалын тухай одоо мөрдөгдөж буй хуульд тулгамдаж буй зарим асуудлыг өөрчлөөд явах юм.
Мөн "Урт нэртэй" хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл боловсрууллаа. Ингэснээр Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахгүйгээр мөрдөх юм. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын хоёр тогтоол гарсан байдаг. Хамгийн сүүлийн тогтоол нь өнгөрсөн оны зургадугаар сард гарсан ч хил хязгаарыг нь одоог хүртэл тогтоох боломжгүй, давхардаад байгаа.
Дэлхийн зах зээлд манай экспортолдог гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрс, зэс,төмрийн хүдрийн үнэ буурсанаас салбарын хөрөнгө оруулалт багассан.
Хууль гарахаас өмнө олгосон тусгай зөвшөөрлүүдийг хоёр ангилсан. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг тусад нь авч үзэж байгаа юм. Харин хууль гарснаас хойш олгосон, ашиглалтын болон хайгуулын лицензийг цуцлахаар болсон. Энэ хууль батлагдсанаар "Урт нэртэй" хууль хэрэгжихийн зэрэгцээ эвдэрсэн газрын асуудлыг шийдэх давуу талтай. Мөн нөхөн төлбөрийн хувьд улсын төсөвт ирэх ачаалал тодорхой хэмжээгээр буурах юм.
-Хууль гарахаас өмнө лиценз авсан бол хүчингүйд тооцогдоно гэсэн үг үү. Нөгөөтэйгүүр дагаж мөрдөх журмыг өөрчилснөөр гадаадын хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдэх болов уу?
-Хууль гарснаас хойш олгосон лицензүүд хүчингүй болно. Хууль батлагдахаас өмнөх нь төрөөс хайгуул хий, ашигла гэж өгсөн учраас л уян хатан хандах ёстой гэж үзлээ. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авсанд нь хяналт тавихгүй бол байгаль орчин сүйдэх аюултай. Мөн нөхөн төлбөрийн асуудал ч яригдана.
Дэлхийн зах зээлд манай экспортолдог гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрс, зэс,төмрийн хүдрийн үнэ буурсан учраас тухайн I салбарын хөрөнгө оруулалт багассан. "Урт нэртэй" хуулийн тухайд өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн өмнө баталсан 174 дүгээр тогтоол нь 800 гаруй аж ахуйн нэгжийн 1336 тусгай зөвшөөрлийг хамарсан.
Энэ нь одоогийн мөрдөгдөж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрлийн 34, хайгуулын тусгай зөвшөөрлийн 44 хувь нь. Уг дагаж мөрдөх журмууд гарснаар бүх зүйл ойлгомжтой болно. Тэгэхээр хөрөнгө оруулалтад тодорхой хэмжээний ахиц гарах байх.
-Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийнхөө талаар мэдээлэл өгвөл?
-Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийг Засгийн газраас өргөн мэдүүлж байна. УИХ-аас баталсан Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлснээр алтны худалдаа далд хэлбэрт орж, төв банкинд тушаах алтны хэмжээ эрс багассан.
Хууль батлагдсанаар Оюу толгойгоос олборлох алтыг оруулаад Монгол Улс жилд 38 тонн алт олборлох боломж бүрдэнэ.
Олборлосон бүх алтыг Монголбанкинд тушаахаар хуульд тусгалаа. Төв банкинд тушаавал татварын хөнгөлөлт үзүүлэх юм. 2005 онд манай улс 24 тонн алт олборлож байсан бол энэ тоо өнгөрсөн оны байдлаар зургаан тонн болж буурсан. Энэ хугацаанд алтны үнэ 300-1800 ам.доллар болж өссөн.
Гэтэл улсад орж ирж буй орлого төдийлөн их биш. Дээрх хууль батлагдсанаар Оюу толгойгоос олборлох алтыг оруулаад Монгол Улс жилд 38 тонн алт олборлох боломж бүрдэнэ. Энэ нь одоогийн ханшаар 1.7 тэрбум ам.доллар болох юм.